2013.09.19

Д.Ганбат: "Нинжа"-г ад үзэж болохгүй

УИХ-ын гишүүн Д.Ганбатаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч юм.

-Алт олборлохыг тал талаас нь дэмжих гэж хэд, хэдэн хуулийн төсөл хэлэлцэж байна. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журамд өөрчлөлт оруулах болон алтны худалдааг ил тод болгох гээд?

-Монгол Улс 2005 онд 24 тонн алт олборлож байсан бол 2012 онд зургаан тонн болж дөрөв дахин буурчээ. Түүнийг дагаад алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын дарамт нэмэгдэж Монголбанк болон арилжааны бусад банкинд тушааж буй алтны хэмжээ эрс буурч, улсын валютын нөөцийн бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлж байна.

Үүнд Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль хэрэгжсэнтэй холбоотой хэмээн үзэх нь бий. Учир нь УИХ-аас дээрх хуулийг батлахаас өмнөх дөрвөн жилд Монгол Улс 77 тонн алт олборлодог байсан бол хууль хэрэгжсэн дөрвөн жилд 48 тонн болж алтны олборлолт 38 хувиар огцом буурсан юм шиг байна.

-Алтыг Монголбанкинд тушаахаас илүү хил давуулан худалдаалдаг гэдэг шүү дээ. Монголбанкинд жилд хэр хэмжээний алт төвлөрөх ёстой байдаг юм бэ?

-Статистикийн мэдээллээр жилдээ 20 гаруй тонн алт олборлодог гэх юм билээ. Зарим үед Монголбанкний 68 хувийн татвар бий болсноос хойш хоёр тонн ч хүрэхгүй алттай болсон гэсэн.

Энэ жил 4-5 тонн тушаасан байна. Ер нь алтны 60-70 хувь нь хил, гаалиар хууль бусаар нэвтэрсэн гэх судалгаа бий. Тэгвэл цаашдаа алт нь Монголбанкиндаа цуглардаг болох ёстой. Алтыг үнэтэй байгаа үед нь олборлоод эргэлтэд оруулбал манай улсад хэрэгтэй.

-Ээлжит бус чуулганаар урт нэртэй хуулийн төсөлд өөрчлөлт оруулах эсэх асуудал нэлээд маргаан дагуулж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?

Хууль бус олборлолтыг зөвхөн “нинжа” нар хийдэг гээд тэднийг ад үзэж болохгүй.

-Энэ хуулийг хоёр талаас нь харж байна. Нэг тал руугаа туйлширч болохгүй. Дэлхийн орнууд биднийг алтан дээр суусан гуйлгачид гэж олон жил ярилаа. Алт маань зарим газраа уул, усны эх үүсвэр газарт байдаг. Ялангуяа, ундны устай, төв суурин газартай ойрхон газарт зөвшөөрлийг нь хамаагүй олгож болохгүй.

Замбараагүй алт олборлолтоос болж манай Баянхонгор аймгийн Гурванбулаг сум маань усгүй болсон түүх,бий. Нөгөө талаасаа хууль бус олборлолтыг зөвхөн “нинжа” нар хийдэг гээд тэднийг ад үзэж болохгүй. Тэд бол Монголын нэг хэсэг болсон ард иргэд. Бид янз бүрийн нэр хоч өгөөд ялгаварлан гадуурхаж болохгүй.

Төр, засаг нь ажлын байраар хангаж чадахгүй болчихоод амьдрахын эрхэнд ийм замаар ажиллаж байна. Өөрийнхөө амьдралыг авч явах гэж хичээж байгааг нь зарим талаар нь дэмжих хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хувьд ч гэсэн ялгаагүй.

-Ялгаагүй дэмжинэ гэж үү?

-Өнөөдөр байдал тийм сайн биш байна. Гадаадын хөрөнгө оруулалтын 42 хувь нь эргээд гараад явчихлаа. Мөнгө төгрөгөө оруулсан хүмүүс тийм ч амархан гараад явчихдаг юм биш. Хууль эрх зүйн орчин болохгүй нөхцөл байдал үүссэн учраас гарсан байж таарна. Энэ байдлыг засахын тулд Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг оруулж ирж байна.

Үүнийг нь дэмжээд явах ёстой. Хэрэв хөрөнгө оруулалт огцом буурвал ажлын байр хомсдоно. Хоёрдугаарт, улс орон хүнд нөхцөлд хүрч болзошгүй. Гуравдугаарт, валютын ханш богино хугацаанд чангарлаа. Энэ нь цаашдаа шатахууны үнэ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх шалтгаан болох вий.

-Та хуулийн төслөөс алдаа олж харж байна уу?

-Зүгээр байснаас зүлгэж суу гэгчээр хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн тулд ямар нэгэн байдлаар оролдох хэрэгтэй. Дэмжээд өгөх хэрэгтэй. Засгийн газар тогтвортой, түмэн олон минь амгалан байх ёстой.