Б.Очиржав: Канад улс уул уурхайгаа УЦС-тайгаа хослуулдаг
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн “Шүрэн” УЦС-ын төслийн удирдагч Б.Очиржав
2013.09.03

Б.Очиржав: Канад улс уул уурхайгаа УЦС-тайгаа хослуулдаг

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн “Шүрэн” УЦС-ын төслийн удирдагч Б.Очиржавтай эрчим хүчний хөгжлийн гарц усан цахилгаан станц мөн эсэх талаар ярилцлаа.

-Та усан цахилгаан станцын урдаа барьдаг мэргэжилтэн. Гэхдээ жил бүр өсч байгаа эрчим хүчний хэрэглээгээ яах вэ, шинэ эх үүсвэрийн оновчтой шийдлээс яриагаа эхэлье. Ялангуяа уул уурхайн хөгжилтэй холбогдоод дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарах вэ?

Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийг 1970-аад оны үед дэлхий нийтэд зэсийн хямрал тохиож байсан. Гэвч ЗХУ ямар ч хамаагүй үнээр зэсийн үйлдвэр байгуулахаар зориглож, барьсан. Гэхдээ Сэлэнгэ мөрөнд усан цахилгаан станц байгуулах асуудлыг нэгдүгээр тавьж байсныг одоо хүртэл мартдаггүй юм. Харамсалтай нь цаг хугацаа давчуу байсан болохоор Оросоос шууд шугам татсан. Гэхдээ тухайн үед усан цахилгаан станц хэрэгтэй гэдгийг ойлгуулсан үйл явдал болсон.

 Одоо уул уурхайгаа хөгжүүлсэн Канад орон усан цахилгаан станцыг уул уурхайтайгаа хавсруулдаг. Учир нь ашиглалтын зардлаа хэмнэж, ашгаа нэмэгдүүлэх гэж тэр.

Тиймээс манай улс эдгээр орны туршлагыг харгалзан төвийн районд том чадлын усан цахилгаан станц нэн даруй барих шаардлагыг харгалзан төсөл, хөтөлбөр гаргаад явж байгаа юм.

-Хүн амын хэрэгцээг хангахын тулд олон жил ярьсны эцэст ТЭЦ5-ыг барих ажлыг эхлүүлсэн. Гэхдээ л дан ганц станц бүх асуудлыг шийдэхгүй. Ер нь эрчим хүчний салбарын хөгжилд ямар асуудал тулгарч байна вэ?

Эрчим хүчний хэрэгцээг яг төд гэж хэлж болохгүй, ерөнхий хандлагаас үзэхэд ойрын жилүүдэд одоогоос 3-5 дахин нэмэгдэнэ. Тэгэхээр 3000-5000 мегаваттын хүчин чадалтай станцууд хэрэгтэй гэсэн үг.

-Өнөөгийн дөрвөн цахилгаан станц нийлээд хэдий хэмжээний хүчин чадалтай вэ?

Өнөө маргаашаа л болгож байна. Ер нь нийтдээ 800-900 мегаваттын хүчин чадалтай байгаа. Хэрвээ Эгийн голыг, Шүрэнгийн УЦС-тай барьихвал нийлээд 600 мегаваттын эрчим хүчийг үйлдвэрлэнэ.

-Одоогийн байдлаар Эг, Шүрэнгийн голын УЦС төслийн шатандаа яваа. Ер нь алийг нь түрүүлж барих вэ?

Энэ бол яамны бодлогын асуудал. Аль түрүүлж бэлэн болсон нь баригдана.

-Усан цахилгаан станцын давуу тал нь юу вэ. Үнэхээр тийм ашигтай юм уу. Нийгмийн дунд буруу ойлголтууд их байдаг?

Сэргээгдэх эрчим хүч гэсэн нэрийн дор нар салхи, усны, газрын доорхи эрчим хүч гэсэн дөрвөн үндсэн асуудал бий. Манай улс усан цахилгаан станцыг барьж байгуулах техник технологийг нэгэнт судлаад, нутагшуулсан учраас нар салхины эрчим хүчийг их ярьдаг.

Том чадлын усан цахилгаан станцыг барьвал агаарын бохирдлыг бууруулахад маш их нөлөө гарна.

Уг нь дэлхий нийтийн 98 хувь нь усан цахилгаан станцыг сонгож, ашиглаж байгаа. Үнэхээр үр дүнтэй хэлбэр. Үлдсэн хоёр хувь нь нар, салхины эрчим хүчийг ашигладаг.

Барууны орнууд хөгжиж буй оронд тусламж үзүүлэхдээ нэгдүгээрт усан цахилгаан станцыг барьдаг. Учир нь ашиглалтын зардал маш бага болохоор нэг л баригдчихвал нэмэлт зардал гаргалгүй, хүмүүсийн ахуй амьдралыг өөд нь  татдаг давуу талтай.

-Тэгээд яагаад УЦС барих ажил удаашралтай байдаг юм бэ?

Монгол орон эх газрын эрс тэс уур амьсгалтай. Тиймээс бага оврын улирлын чанартай станц барихаар үр ашиг нь дорвитой мэдэгддэггүй. Өвөл ажиллахгүй учир шүүмжлэлд өртөх нь амархан. Тиймээс манай улсад дунд шатнаас илүү, том хэмжээний УЦС-ыг хөгжүүлэх ёстой. Том хэмжээний станц нь усан сантай, өөрийн тохируулгатай байдаг. Өвөл зун ч ажиллана гэсэн үг.

Энэ зорилгоор Дөргөн, Тайширын усан цахилгаан станцыг барьсан. Сүүлийн 10-аад жил манай оронд усан цахилгаан станц хөгжүүлэхгүй байх гадны бодлогын улмаас янз бүрээр л шүүмжлүүллээ. Гэхдээ одоо ард түмэн ойлгож, мэддэг болсон.  

Бид усан цахилгаан станц монголд хэрэгтэй гэдгийг батлахын тулд төвийн хэсэгт байгуулах санаачилга гаргасан. Улаанбаатар хотын агаарын бохирдолд нүүрсний цахилгаан станц их нөлөөлж байгаа. Хэрвээ Туул гол орчим эсвэл Сэлэнгэ, Орхон, Эгийн голд УЦС бариад шугам татчихвал агаарын бохирдол хэд дахин багасна.

Том чадлын усан цахилгаан станцыг барьвал агаарын бохирдлыг бууруулахад маш их нөлөө гарна.

-Усан цахилгаан станцаас эрчим хүч авахад тог тасарна гэсэн ойлголт байх уу?

Байхгүй. Гэхдээ ган гачиг тохиолдвол усны хэмжээ багасч, үйлдвэрлэж байгаа цахилгаанаа багасгахаас аргагүй. Өөрөөр асуудал гарахгүй.