Салхин цахилгаан станцыг энэ онд ашиглалтад оруулна
Төв аймгийн Сэргэлэн сумын Салхит ууланд салхин цахилгаан станцыг барих ажил ид хийгдэж байна. Энэ жилдээ багтаан салхинаас эрчим хүч гарган авах станц ашиглалтад орох учиртай. Хэрэв уг салхин цахилгаан станц ашиглалтад орох юм бол нийслэлийн цахилгаан хэрэглээний 20 хувийг хангах юм билээ.
Уг салхин цахилгаан станцыг "Ньюком" групп барьж байгаа юм. Дээрх бүтээн байгуулалтын ажил хэрхэн хийгдэж байгаа талаар сурвалжлахаар Сэргэлэн сумын Салхит уулыг өнгөрсөн бямба гаригт зорилоо. Ингээд нийслэлээс зүүн тийш 60 гаруй километр явсаар үд хэвийх алдад Хоолтын даваанд хүрлээ. Хаврын урь орж, уулын цас хөлөрчээ. Говь-Сүмбэр аймагтай холбогдсон хатуу хучилттай замаас зүүн тийш салсан сайжруулсан замаар 20 гаруй километр давхисаар Салхит ууланд очсон юм. Сайжруулсан замыг салхин цахилгаан станцын тоног төхөөрөмжийг зөөхөд зориулан тавьжээ.
"Ньюком" группийн ажилчид ажилдаа гараад хоёр хонож байгаа гэнэ. 20 гаруй залуус өнгөрсөн жил тус газраас Налайх дүүргийн дэд станц руу 28 километр зайд холбож буй цахилгаан дамжуулах шонгуудын утсыг бэхлэх ажил хийж байлаа. Тэд "Гадаа дулаан орж байгаа болохоор гутал нороод байх юм" гэсээр угтсан юм. Ингээд 110 сая ам.долларын өртөгтэй салхин цахилгаан станцын бүтээн байгуулалт хэрхэн хийгдэж байгааг төслийн инженер Н.Баярмөнх танилцуулав. Өнгөрсөн жил хоёр том ажил хийжээ. Говьсүмбэр аймаг руу явдаг засмал замаас Салхит уул руу сайжруулсан зам тавьсан байна. Мөн Налайх дүүргийн станцтай холбосон цахилгаан дамжуулах шонгуудыг суулгасан аж. Одоо үндсэн ажилдаа орохоор төлөвлөжээ.
Ойролцоогоор 57 тонн жинтэй 31 ширхэг турбинуудыг уулын оройд босгох хэцүүхэн ажил тавдугаар сараас хийгдэхээр болсон гэнэ. Энэ сарын 15-наас эхлэн уулын хяраар 31 газарт доош нь турбин суулгахаар ухах ажил хийгдэх юм байна. Дээрх ажлуудыг намар хүртэл хийчих юм бол гол ажлаа нугалчихаж байгаа гэдгийг төслийн инженер Н.Баярмөнх онцолж байлаа. Мөн нэг турбин суулгахын тулд 800-900 тонн бетон зуурмаг хэрэг болох гэнэ. Өөрөөр хэлбэл хоёр орцтой есөн давхар барилгад ордог бетон зуурмаг нэг суурьт орох юм билээ. Үүнийг тасалдалгүй нэг дор цутгах ёстой аж. Бетон зуурмагийн компаниудтай гэрээ хийж хамтран ажиллах гэнэ. Салхин цахилгаан станцын гол суурь тоног төхөөрөмж болох салхин турбины эд ангийг АНУ-ын "Женерал Электрик" компани нийлүүлэхээр гэрээ хэлэлцээр хийчихсэн байна. Салхин турбины тухайд, нэг бүр нь 1.6 мВт-ын цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай гэсэн. Салхин турбины өндөр нь 80 метр бөгөөд сэнс нь 82,5 метрийн урттай юм байна.
"Салхит" салхины станцын үйл ажиллагааны дүнд жилдээ 168 сая кв.ц эрчим хүчийг төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх юм байна. Түүнчлэн хүлэмжийн хийн ялгаруулалтыг 185 мянган тонноор бууруулахын зэрэгцээ 1.6 сая тонн ус хэмнэх учир дулааны цахилгаан станцаас давуу байх талаар "Glean Energy" компанийн гүйцэтгэх захирал Ц.Сүхбаатар онцолж байв. Өнгөрсөн намар арваннэгдүгээр сар хүртэл хийгдсэн Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн Налайх дэд станц ба Салхит станцын дэд станцын 110кВ-ын хоёр хэлхээт өндөр хүчдэлийн шугам тавигдах үед олон хүндрэл бэрхшээл тулгарч байсан талаар залуус ярьж байна. Өндөр хүчдэлийн шонгуудыг угсарч байгаад тал талаас нь уяагаар бэхлээд машинаар татаж оруулсан гэнэ. Гадаа жавар тачигнаж байгаа үед шонгуудыг суурилуулахад хүнд байжээ. Мөн төмөр замаар ирэх ачааг буулгах зориулалттай салбар төмөр зам тавигдах ажил хийгдээд дууссан байв. Европын сэргээн босголт, хөгжлийн банк ба Нидерландын хөгжлийн банк санхүүжүүлж байгаа энэхүү ажил арваннэгдүгээр сарын сүүлчээр бүрэн ашиглалтад орох төлөвлөгөөтэй аж.
Э.Хүрэлбаатар
Эх сурвалж
Өдрийн сонин