“Хоёр толгой”-той хөөцөлдсөн нэг жил
Шинэчлэлийн Засгийн газрын Уул уурхайн яам хэмээх том айлыг Д.Ганхуяг толгойлох болоод нэг жил гаруйн хугацаа өнгөрлөө. Улс орны эдийн засгийн тулгуур, хөгжлийн хөшүүрэг болдог хамгийн чухал салбар.
Тэр хэрээрээ хамгийн их асуудалтай, маргаантай, басхүү сайн залуур шаарддаг онцлогтой. Өмнөх Засгийн газар энэ салбарыг өрөнд идүүлж, өтөнд бариулж өвлүүлсэн нь үнэн. Энэ их өрийг төлөхөөс нааш уул уурхайн салбараас урьдын адил уут уутаараа мөнгө урсаж орж ирж чадахгүй болсныг Д.Ганхуяг урамгүйхэн хэлж буй.
Тухайлбал, манайхан “Чалько”-д 350 сая, “Оюу толгой”-д 250 сая ам.долларын өр тавьчихаад авсан мөнгөө ар өвөргүй цацаж орхисон. Үүний хариуд Монголыг угждаг уул уурхайн салбар өр дардаг салбар болон хувирсан. Нөгөөтэйгүүр гадаадын хөрөнгө оруулалт багасч, уул уурхайгаас орж ирдэг ашиг ул мөргүй болох шахаад байгааг хэн хүнгүй мэдэж байгаа.
Энэ хүнд үед сайдын суудалд суусан Д.Ганхуягт бодох, санах, сэдэх, сэтгэх шаардлага хамгийн их байгаа билээ. Юуны өмнө Д.Ганхуяг “Оюу толгой”- н том хэргийн учрыг нь олж хужрыг нь тунгаах хэцүү даалгавар авсан. “Оюутолгой”-гоос ашиг хүртэх эсэхээ ч мэдэхээ болиод, ноогдол ашиг авах сураг нь бүр хэдэн арван жилээр алсарч одоод буй уг төслийг жирийн иргэд ойлгохоо больсон.
Парламентын зарим гишүүн нь хүртэл “Ямар ч ашиггүй, Монголыг хоослоод гарах төсөл” хэмээгээд байхад жирийн иргэд ойлгохгүй байх нь арга ч үгүй юм. Нөгөөтэйгүүр уул уурхайгаа дэмжихгүйгээр урагшлах аргагүй онцлогоо бодож “Оюу толгой”- гоо ашиглаад авах ёстойг ч мөн зарим нь хэлж байгаа.
Харин үүнд Д.Ганхуяг сайд эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэх төв байдлаар хандаж байгаа. Ингэх нь ч зөв юм. Түүний хувьд “Рио Тинто”-той ойлголцох, ярилцах, хэлэлцэх гэсэн алтан зарчмаар харилцаж байгааг нь сайшаах хүн олон байгаа.
Стратегийн ач холбогдол бүхий салбарт, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих тухай хууль болон, монголчуудын сүржин зангаас болж мэдрэмтгий болсон энэ салбарыг түүний зарчим өдийг хүртэл хамгаалж үлдлээ гэж өргөмжлөх хүн цөөнгүй байгаа. Гэхдээ тэрбээр шаардах ёстой зүйлээ хэнээс ч айхгүй нэхэж чадаж байгааг нь олон нийт мэдэж л байгаа.
Тэрбээр “Рио Тинто”-г анхны хөрөнгө оруулалтаа дуусч, үйлдвэрээ барьж, бүтээгдэхүүнээ экспортлоод эхэлсэн учраас дараагийн санхүүжилтын асуудлыг шийдэхийг сануулсан удаатай. Тэрбээр энэ асуудлаар “Рио Тинто”-гийн Зэсийн группын захиралд захидал илгээн уулзаж үзсэн. Уг нь алдаа дүүрэн, ашиг сонирхол ихтэй хэмээн шүүмжлэгддэг.
Хөрөнгө оруулалтын гэрээнд “Анхны хөрөнгө оруулалтаа дуусч, үйлдвэрээ барьж, бүтээгдэхүүнээ экспортлоод эхэлбэл дараагийн хөрөнгө оруулалтыг хийх ёстой” хэмээн тодхон тусгачихсан юм билээ. Гэвч “РиоТинто”-гийн Зэсийн группын захирал “ярилцья” гэсэн боловч хоёрхон хоногийн дараа Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил мөнгөгүй гэх шалтгаанаар зогсч 2000-аад монгол хүн ажилгүй болсноос хойш дуу чимээ багатай байгаа.
Түүнд мөн “Эрдэнэс таван толгой” гэх бас нэгэн шүдний өвчин байгаа. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд “Эрдэнэс таван тойлгой”-н дампуурлыг нь аль хэдийнэ зарласан. Харин Д.Ганхуяг сайд өөр, гэгээлэг мэдээллийг өгч байгаа. Олборлосон нүүрс нь өмнөх Засгийн газрын мөнгийг нь аваад тараачихсан өрөнд яваад байгаа.
Гэхдээ “Чалко”-д өгөх 170 сая долларынхаа зээлийг төлж дуусаад цаана нь 200 сая доллароос доошгүй орлого олох бүрэн боломж байгааг тэрбээр хэлсэн. Мөн урд хөрш рүү бүтээгдэхүүнээ экспортлоход дэд бүтэц байхгүй байгаа нь энэ салбарын сайдыг шар махтай нь хатаах дөхөж байгаа.
Өмнөх сайдууд ухаад байхаас авто болон, төмөр замын талаар бодож ч үзээгүйд халагласан удаа түүнд байгаа. Уул уурхайн салбарт хамгийн их яригддаг бас нэгэн асуудал бол уран. Ураны асуудал дээр тэрбээр байр сууриа илэрхийлэхдээ “Шинэчлэлийн засгийн газар зөвхөн атомын цахилгаан станцын түлшний өмнөх шар нунтаг бэлдэх гэж байгаа.
Түүнээс биш цөмийн хаягдал Монголд булшлах тас хориотой байдаг. Уран гэхээсээ илүү цацраг идэвхт бодис шүү дээ. Тиймээс бид үүнийг ойлгох хэрэгтэй” хэмээн өөрийн боддоо нуулгүй хэлсэн. Энэ мэт уул уурхайтай холбоотой асуудалд тархиа гашилгаж яваа Д.Ганхуяг сайд ирэх намын чуулганаар хэлэлцүүлэх асуудлынхаа эхэнд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай асуудлыг хөндөхөөр хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн.
Гэхдээ Д.Ганхуяг сайдын энгэрт цэцэг зүүлгэсэн нэг биш хэрэг нэг жилийн -хугацаанд тохиосон. Тухайлбал, монголын газар нутгаас олборлосон газрын тосоор өмнөд хөршид боловсруулан бензин болгон манайд нийлүүлсэн явдал. “Монгол 93” хэмээн нэртэй уг бензин манай улсын сард хэрэглэх нефтийн хэрэглээний 10-12 хувийг эзлэх таатай мэдээллийг тэрбээр мөн дуулгасан.
Ингэснээр манай улс нефтийн хэрэглээний хувьд орос ах нараас бүрэн хараат байхаа болилоо гэдийг тэрбээр бахархан мэдэгдэж байв. Харин улс төрийн хувьд Д.Ганхуяг чимээ багатайхан байсан. Юун& өмнө “Эрдэнэс таван толгой”-н лицензтэй Ерөнхий сайд холбогдох үеэр Монголын үндэсний олон нийтийн телевизээр ‘Төрд ажиллаж байгаа хүн аж ахуй нэгжтэй байж болно” хэмээн эв муутайхан өмгөөлсөн нь өөнтөгч заримд нь таалагдаагүй.
Мөн Ерөнхий сайдтай ашиг сонирхлоор холбогддог гэх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан ГДэнзэнгээс болж Ц.Нямдорж гишүүнээс хатуухан банга хүртээд авсан удаа ч мөн бий. Ийнхүү Д.Ганхуяг сайдын нэг жилийн хугацаанд амжуулсан ажил олон нийтийн нүдэнд хоёр орд, хоосон түрийвчтэй л ойрхон сонсогдсон нь элбэг.
Гэхдээ энэ салбарыг Д.Ганхуягаас өөр бушуу туулай толгойлсон бол “Оюу толгой”-г “Эрдэнэс Таван толгой”-той нь тавиад туучихаж мэдэх л байсан байх гэдгийг хашир бурхинууд хэлж байгаа. Олон асуудал ундарсан энэ салбарт “Оюу толгой”, “Эрдэнэс таван толгой”- н ирээдүйн хувь заяанаас эхлээд эдийн засгийн байдал дээрдэх эсэх асуудал хамгийн их хамаатай. Тиймээс эдийн засгаа өндийлгөх хөшүүрэг болсон энэ салбар, тэр дундаа салбарыг тэргүүлж буй Д.Ганхуягаас олон нийт ихийг хүлээж байгаа.
Д.Ганхуяг сайд аа, урагшаа.