Шинээр долоон ордыг стратегийн ач холбогдолтойд тооцно
Гацууртын орд
2013.05.30

Шинээр долоон ордыг стратегийн ач холбогдолтойд тооцно

“Ашигт малтмалын тухай” хуулийн 9 дүгээр 9.1.4-т Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан. Үүний дагуу уул уурхайн яаманд ажлын хэсэг байгуулагдан ашигт малтмалын томоохон ордуудыг судалж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан.

Энэ удаад засгийн газрын 2013 оны 100 дугаар тогтоолын  7 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ашигт малтмалын төрөл, нөөцийн хэмжээгээр нь чухалчлан үзэж алтны нэг, нүүрсний хоёр, газрын ховор элементийн дөрөв, нийт долоон ордыг /Хөшөөт, Цайдам нуур, Гацуурт, Хотгор, Мушгиа худаг, Лугийн гол, Халзан бүргэдэй/ Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулахаар УИХ-ын тогтоолын  төсөл боловсруулан засгийн газарт танилцуулахад бэлэн болоод байна.

Саналыг засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсний дараа  “Ашигт малтмалын хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4т” заасны дагуу УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд эдгээр ордуудыг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.