Сайн дурынхны байгууллагуудыг чадавхижуулах цогц сургалт болно
Сайн дурын байгууллагуудын сүлжээ
2013.08.07

Сайн дурынхны байгууллагуудыг чадавхижуулах цогц сургалт болно

Монголын Сайн Дурынхны Байгууллагуудын Сүлжээнээс гишүүн байгууллагуудаа болон бусад сайн дурын байгууллагуудыг чадавхижуулах зорилгоор "Сайн дурынхны хөтөлбөрийн хөгжил ба менежмент" цогц сургалтыг 2013 оны наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 2-ны хооронд зохион байгуулахаар бэлтгэж байна.

Тус сургалтанд Филиппин улсаас  хоёр сургагч багш урилгаар ирж сургалтыг удирдахаар болсон байна. Мөн байгалийн үзэсгэлэнт газар зуслан сургалт хэлбэрээр зохион байгуулагдах юм.

Сайн Дурынхны Байгууллагуудын Сүлжээ (СДБС)  нь 2004 онд байгуулагдсан бөгөөд  сайн дурын үйлс нь Монгол орны хөгжилд эерэг өөрчлөлт авчрах амин чухал хүчин зүйл болохыг ойлгуулах, хүлээн зөвшөөрүүлэхийг гол зорилгоо болгон ажилладаг.

Нийгмийн  хөгжлийн төлөвлөлтөнд сайн дурын ажлыг нөөцлөн бий болгоход сэтгэл зүрхээ зориулан ажилладаг тогтмол үйл ажиллагаатай, ашгийн бус гишүүн байгууллагууд нийт 25 байдаг. Сүлжээний хэтийн зорилго нь сайн дурын үйл ажиллагааны  тухай өндөр мэдлэг, оролцоотой  иргэний ардчилсан нийгэм бий болгох явдал юм.

Сүлжээний үндсэн үйл ажиллагаанууд нь Монголын сайн дурынхны байгууллагуудыг хооронд нь туршлага солилцох нөхцөл бүрдүүлж өгөх, хамтран ажиллах, сайн дурын төлөөх дуу хоолойгоо нэгтгэх, сайн дурын үйл ажиллагааны ач тус болон үнэлэмжийн талаарх  олон нийтийн ойлголтыг өсгөх, сайн дурын салбарыг засгийн газраар албан ёсоор дэмжүүлэх, мөн сайн дурынхны удирдлага, чанар чансааг төрөл бүрийн чадавхижуулах  сургалтаар дамжуулан сайжруулах болон  хэрэгцээт мэдээ  мэдээллийг сайн дурын байгууллагуудад хүргэн түгээх юм.

Сургалтын танилцуулга

Монголд олон ТББ-ууд сайн дурынхныг дэмжин хамтран ажиллахыг хүсдэг. Гэвч тэднийг зохион байгуулах чадамж дутмаг байдаг. Сайн дурын ажил зохион байгуулахад дэс дараатай байдал, шаардлагатай зохион байгуулалт болон удирдлагын  чадавхи  даруй байх ёстой. 

Энэ шаардлагын дагуу VSO Бахагинантай хамтран “Сайн дурынхны хөтөлбөрийн хөгжил ба  менежмент” олон улсын сургалтыг Монголд 2013 оны наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэж байна.

Энэхүү сургалтын агуулга, хөтөлбөрийг  сайн дурынхны зүгээс байгууллагуудад оруулах хувь нэмрийн тухайд VSO дэлхийн 44  улсын сайн дурынхантай 50 гаруй жил хамтран ажилласны үндсэн дээр гаргасан болно. Энэхүү цогц дадлага туршлага нь иргэний нийгмийн  болон бизнесийн  салбарт ч хамаатай.

Өнөөдөр ч VSO Бахагинан сайн дурынхны удирдлага, менежерүүдэд зориулсан сургалтаа хойд Ази, Африк, төв Америк, зүүн Европын орнуудад өгсөөр байна. Монголоос олон ТББ, сайн дурын байгууллага очиж оролцох хүсэл сонирхолтой байдаг ч 2500 $ орчим зардал, орчуулгын асуудлаас болж боломж тун бага байдаг. 

Сайн дурын байгууллагууд Монголдоо хамгийн бага зардлаар энэхүү чадавхижуулах сургалтанд оролцох болсон нь Монголын сайн дурынхны хөгжилд гарч буй чухал боломж юм. Энэхүү сургалтанд сайн дурын байгууллагуудын 20, бусад таван байгууллагаас оролцуулах юм.