Япон улсын Тусгай үүрэг гүйцэтгэх Элчин сайд ноён Фүрүяаг хүлээн авч уулзлаа
МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Япон улсын үүрэг гүйцэтгэх Элчин сайд ноён Фүрүяа
2013.07.15

Япон улсын Тусгай үүрэг гүйцэтгэх Элчин сайд ноён Фүрүяаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсаас манай улсад айлчилж буй Тусгай үүрэг гүйцэтгэх Элчин сайд ноён Фүрүяаг хүлээн авч уулзлаа.

“Манай хоёр орны хамтын ажиллагаа улам ойртож, энэ хэрээр хамтарсан томоохон төслүүдийн ажил эрчимжиж байгаад баяртай байна. Ерөнхий сайд ноён Ш.Абэгийн айлчлалаас хойш хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч, олон жил ярьсан томоохон төслүүдийг эхлүүллээ” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцоллоо.

Айлчлалын үеэр

Уулзалтын үеэр Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудлын барилгын ажлыг гараанаас хөдөлгөсөн, нефть боловсруулах үйлдвэр барих талаар хоёр тал тохиролцоонд хүрч, бэлтгэлээ хангаж байгаа зэргийг Ерөнхий сайд тодотголоо.

Ирэх сард Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Япон улсад айлчилж, хөгжлийн хамтын ажиллагааны чухал асуудлуудаар яриа хэлэлцээ өрнүүлнэ. Үүний дараа буюу 9-р сард хийх Ерөнхий сайд Н.Алтанхуягийн айлчлалаар хоёр орны Засгийн газрын түвшинд зарим асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм.

Ноён Фүрүяа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслолд уригдан манай оронд хүрэлцэн ирсэн юм.