Л.Болд сайд Германы Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Гадаад харилцааны сайд Л.Болд ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманныг хүлээн авч уулзлаа.
2013.07.09

Л.Болд сайд Германы Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Л.Болд ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Л.Болд Монгол Улсад суух Элчин сайдад томилогдсонд нь баяр хүргэн Монгол, Германы харилцан итгэлцсэн, найрсаг дотно иж бүрэн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэхэд хамтран ажиллахдаа таатай байхаа илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газар Герман улсын технологиор нүүрс шингэрүүлж бензин гаргах ажлыг эхлүүлж,ирэх намраас Монгол, Германы Ашигт малтмал, технологийн дээд сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх гээд хоёр орны эдийн засгийн харилцаанд шинэ хуудас нээгдэх энэ үед Элчин сайд ажлаа хүлээн авч байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн дагуу амжилттай зохион байгуулагдаж, одоогийн Ерөнхийлөгч дахин ялалт байгуулсныг сайд Л.Болд тэмдэглээд, сонгуулийн хуулиудыг  шинэчлэхдээ Германы сонгуулийн эрх зүйн туршлагыг нэвтрүүлсэн нь үр дүнтэй болсныг чухалчилсан юм.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга бөгөөд Монгол-Германы парламентын бүлгийн дарга Р.Бурмаа

Элчин сайд Г.Тийдеманн өөрийнхөө хүсэлтээр Монгол Улсад томилогдсон ба энэхүү боломжийг олгосон Холбооны Ерөнхийлөгч болон Канцлерт талархалтай байгаагаа илэрхийллээ.

Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт маш амжилттай хэрэгжиж байгаа нь хоёр орны хувьд нандигнан хайрлаж, улам өргөтгөн хөгжүүлэх учиртай эрдэнэс мөн хэмээн тэрбээр тодотголоо.

Эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны салбарт ажиллаж байсан болон сүүлийн гурван жилд БНАСУ-д ажилласан туршлагаасаа хуваалцан хамтран ажиллах хүсэлтээ мөн илэрхийллээ.

Тус уулзалтад УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга бөгөөд Монгол-Германы парламентын бүлгийн дарга Р.Бурмаа оролцож, сонгуулийн болон улс төрийн намын тухай хууль тогтоомжийг дахин шинэчлэх, иргэдэд улс төрийн боловсрол олгох, улс төрийн сан байгуулах чиглэлд Герман улстай идэвхитэй хамтран ажиллахаар төлөвлөөд байгаагаа дурьдлаа.