Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-ын Коммунист намын гишүүн Жао Лэзиг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-ын Коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны зохион байгуулалтын газрын дарга Жао Лэзигийн хамт
2013.07.10

Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-ын Коммунист намын гишүүн Жао Лэзиг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-ын Коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны зохион байгуулалтын газрын дарга Жао Лэзиг хүлээн авч уулзлаа.

Мөнхийн хөрш Хятад улстай харилцах харилцаанд Монгол Улс ямагт тэргүүлэх ач холбогдол өгдгийг Засгийн газрын тэргүүн тодотгож, Ардчилсан нам, Хятадын Коммунист нам найрсаг харилцаатай явж ирсэнд таатай ханддагаа илэрхийллээ.

Хоёр орны харилцаа, хоёр намын хамтын ажиллагаатай холбоотой асуудлуудаар санал солилцлоо.

Харин ноён Жао Лэзи хүлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлэхийн сацуу Хятадын удирдагч Си Жиньпиний халуун мэндчилгээг Ерөнхий сайд Н.Алтанхуягт дамжууллаа.

Тэрбээр мөн Монголд олон намын тогтолцоо бий болгосон Ардчилсан нам 20-оод жилийн дараа ард түмнийхээ сонголтоор Ерөнхийлөгч, Парламент, Засгийн газарт өндөр хариуцлага хүлээн ажиллаж буйд баяр хүргэж, амжилт хүслээ.

Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хоёр намын хамтын ажиллагаатай холбоотой асуудлуудаар санал солилцсон юм.

Ноён Жао Лэзигийн зүгээс хоёр намын боловсон хүчний төлөөлөгчдийн харилцаа, Монголын залуучууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын солилцоог идэвхжүүлэх санал тавьсныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг талархан хүлээн авч, хоёр намын харилцаа зөвхөн нам хоорондын биш иргэд хоорондын, улс хоорондын харилцааны хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа хэллээ.