БНТУ-ын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Ерөнхийлөгчид баяр хүргэлээ
Анкара хот,2013 оны зургаадугаар 28
Эрхэм анд аа, Эрхэм Ерөнхийлөгч өө,
2013 оны зургаадугаар сарын 26-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, өндөр хариуцлага бүхий Ерөнхийлөгчийн албан тушаалдаа дахин сонгогдсонд Тань чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Монгол Улс ардчилсан тогтолцооны гүнзгий туршлагатай болохыг, Монголын ард түмэн Таныг хэрхэн хүндэтгэдгийг мөн тогтвортой удирдлага хэр чухал болохыг ард түмэн ойлгосныг сонгуулийн үр дүн харуулж байна.
Олон зуун жилийн тэртээгээс өвлөгдөж ирсэн манай хоёр ард түмний ахан дүүсийн харилцаан дээр тулгуурласан Бүгд Найрамдах Турк Улс, Монгол Улс хоорондын харилцаа нь Таны Ерөнхийлөгчийн албыг хаших дараагийн хугацаанд улам ихээр хөгжиж, манай хоёр улсын олон улсын тавцан дахь харилцан түншлэл илүү ихээр сайжрана гэдэгт итгэл дүүрэн байна. Энэ завшааныг ашиглан эрхэм анд Танд эрүүл энх, аз жаргалыг хүсэхийн ялдамд ах дүү Монголын ард түмэндээ сайн сайхан, түвшин амгаланг хүсэн ерөөе.
Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Абдуллах Гүл