Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хэсгийн хороонд саналаа өгөв.
2013.06.27

Ц.Элбэгдорж: Ирэх дөрвөн жил их хөгжил дэвшлийг бүтээхэд шийдвэрлэх жилүүд болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж Орос III сургууль дээр байрлаж буй Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хэсгийн хороонд саналаа өгөв.

Тэрээр саналаа өгснийхөө дараа сэтгүүлчдэд хандаж “Өнөөдөр их сайхан өдөр байна. Иргэд, сонгогчид саналаа идэвхтэй өгч байгаад баярлалаа. Ялангуяа залуучууд, оюутнууд маш идэвхтэй оролцож байгаад баярлаж байна.

Ирэх дөрвөн жил Монгол Улсын хувьд их бүтээн байгуулалт, их хөгжил дэвшлийн суурийг тавих, их хөгжил дэвшлийг бүтээхэд шийдвэрлэх жилүүд болно гэдэгт итгэж байна.

Монгол түмний маань аз хийморь, буян заяа, ажил хөдөлмөр үргэлж өөдрөг байхыг хүсэн ерөөе. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.