УИХ-ын Гишүүн, МАН-ын Дарга Ө.Энхтүвшин:
2013.06.27

МАН-ын зүгээс холбогдох газруудад гомдол гаргасан ч хариу өгч, арга хэмжээ аваагүй

МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, МАН-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан Нарийн бичгийн дарга Л.Оюунчимэг нар өнөөдөр 12 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын Гишүүн, МАН-ын Дарга Ө.Энхтүвшин:

“Манай нэр дэвшигч 518209 хүний санал авсан. Ялалт байгуулсан нэр дэвшигч Ц.Элбэгдоржоос ердөө 2852 хүнээр дутуу санал авлаа. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж манай нэр дэвшигчээс ердөө 0.23 хувийн саналаар давж ялалт байгуулсан. Иймд ялсантай ялгаагүй” гэсэн юм. Мөн энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль хүч тэнцвэргүй тулаан болсныг дурдаад, цэргийн хүүхдүүдийг зөөврийн хайрцгаар дарга нарынх нь хараан дор санал өгүүлсэн, СЕХ 1000 нэгж тараасан зэрэг нь зүй бус үйлдэл болсон гэсэн юм. Түүнчлэн сонгуулийн явцад хууль зөрчсөн олон үйлдэл гарсан бөгөөд тухай бүр нь МАН-ын зүгээс холбогдох газруудад гомдол гаргасан ч хариу өгч, арга хэмжээ аваагүй талаар тэр ярилаа.

МАН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ:

Нийт 330 сумаас 201-д нь ялалт байгуулсан, есөн аймаг, нийслэлийн хоёр дүүрэгт ялсан байна. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ: “Энэ сонгууль дараа дараагийн сонгуулийг харгүй шударга явуулахад хувь нэмрээ оруулсан, үлгэр жишээ сонгууль болсон байгаасай” гээд хоёр өрсөлдөгчдөө болон баг болж сонгуульд оролцсон МАН-ын гишүүд, дэмжигчиддээ баяр хүргэсэн юм. Тэрээр мөн туйлшрал, талцал, намчирхлаас ангид байя, үндэсний баялаг бүтээгчдээ дэмжье, засаглалын зарчмыг сайжруулья, Оюутолгойн гэрээг сайжруулья гэсэн дөрвөн зүйлийг хэвлэлээр дамжуулан ялалт байгуулсан ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илгээлээ.

Мөн МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулиар МАН 31 хувийн санал авч байсан бол орон нутгийн сонгуулиар 40 хувийн санал авсан. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд 47 хувийн санал авлаа. Манай намын чансаа байнга өссөн үзүүлэлттэй байгаа” хэмээн онцолсон юм.