Ерөнхийлөгчид баяр хүргэлээ
Коста Рика Цахиагийн Элбэгдоржид Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд баяр хүргэлээ. Эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдорж энэ оны зургаадугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд БН Коста Рика Улс баяр хүргэж байна.
Коста Рикагийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч ноён Алфио Пива Месен тэргүүтэй өндөр түвшний төлөөлөгчдийн энэ оны дөрөвдүгээр сард Монгол Улсад хийсэн айлчлал хоёр талын харилцаанд чухал түлхэц үзүүлсэн бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин сонгогдсон явдал нь харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэдэгт Коста Рика Улс итгэлтэй байна.
Дэд Ерөнхийлөгч ноён Алфио Пива Месентэй хийсэн уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Коста Рика Улсын ардчиллыг онцлон тэмдэглэж байжээ.
БН Коста Рика Улс, Монгол Улс хооронд 1977 оны зургаадугаар сарын 6-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.