НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга, ноён Вук Еремич
2013.06.20

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга Монголд айлчилна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга, ноён Вук Еремич энэ сарын 21-нд Монгол Улсад анх удаа айлчилна. Манай улсад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, орлогч нар айлчилж байсан боловч Ерөнхий Ассамблейн чуулганы дарга айлчилж буй нь анхны тохиолдол юм.

  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга нар

Серб Улсын иргэн, ноён Вук Еремич өнгөрсөн оны 9 дүгээр сараас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганыг даргалж байна. Түүний удирдаж буй чуулганаас одоогоор 268 тогтоол батлагдаад байгаа бөгөөд эдгээрээс өнгөрсөн онд батлагдсан Палестины ард түмэнд НҮБ-ын “гишүүн бус ажиглагч” улсын статус олгосон тогтоол нь хамгийн томоохон үйл явдалд тооцогдож байна.

Монгол Улс 2012 онд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”, “Ардчиллын боловсрол”-ын асуудлаарх хоёр тогтоолын төслийг хэлэлцүүлж батлуулсан юм. Манай улсын аюулгүй байдал, олон улсын нэр хүндэд онцгой ач холбогдолтой эдгээр тогтоол батлагдахад ноён В.Еремичийн дэмжлэг туслалцаа их байв.

Ноён Вук Еремич манай улсад айлчлах хугацаандаа Монгол Улсын Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын даргад бараалхах юм.