Дэлхийн эдийн засгийн Форумын Улаанбаатарт болох уулзалтын талаар санал солилцов
Гадаад харилцааны сайд Л.Болд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн хамт
2013.06.14

Дэлхийн эдийн засгийн Форумын Улаанбаатарт болох уулзалтын талаар санал солилцов

Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 9-12-нд Япон Улсад ажлын айлчлал хийж, “Дэлхийн эдийн засгийн форумын Япон дахь уулзалт-2013” арга хэмжээнд оролцов.

Айлчлалын үеэр тэрбээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ-д бараалхаж, Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад хэргийн сайд Ф.Кишидатай уулзав.

Сайд Л.Болд Японы Ерөнхий сайдад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, энэ оны гуравдугаар сард Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийсэн айлчлал хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой болсныг талархан тэмдэглэлээ.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ

Ноён Ш.Абэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөөх Улаанбаатарын яриа хэлэлцээ эхлүүлэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Абэ-Эби” санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн энэ онд Японд хийх айлчлал чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.

Гадаад хэргийн сайд Ф.Кишидатай хийсэн уулзалтаар Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монголд хийсэн айлчлалын үеэр хэлэлцсэн асуудлууд шуурхай хэрэгжиж байгаад талууд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх чиглэлээр Дунд хугацааны хөтөлбөр байгуулах эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааны “Эрч” хөтөлбөр хэрэгжүүлэх, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын харилцааг өргөжүүлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаа харилцан нотлов.

Сайд Л.Болд Дэлхийн эдийн засгийн форумын удирдлагуудтай уулзах үеэр ирэх есдүгээр сард Улаанбаатарт зохион байгуулахаар төлөвлөж буй Дэлхийн эдийн засгийн форумын Улаанбаатар дахь уулзалтад төлөөлөгчдийг өргөнөөр урьж оролцуулах талаар санал солилцож, цаашид энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохирлоо.