Олон улсын зочид төлөөлөгчдөө оролцуулан хүндэтгэлийн хурал хийлээ
2013.06.06

Н.Алтанхуяг: Манай улсын хөгжлийн цаашдын стратеги ногоон хөгжлийн зарчимд тулгуурлана

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Жил бүрийн 6 дугаар сарын 5-нд тохиодог энэ өдрийг тэмдэглэх зочин орноор энэ жил манай улс сонгогдсон юм.

Таван өдрийн турш үргэлжилсэн хөтөлбөрийг хааж өнөөдөр олон улсын зочид төлөөлөгчдөө оролцуулан хүндэтгэлийн хурал хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дэлхийн байгаль орчны өдрийг эх орондоо хүлээн авч зохион байгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрт талархал дэвшүүлж, өнгөрсөн өдрүүдэд байгаль хамгаалал, ногоон хөгжлийн бодлого гэсэн үгстэй Монгол Улсын нэр хамт яригдсанд баяртай байгаагаа хэллээ.

Энэ өдрийг тэмдэглэх хүрээнд олон салбарт зохион байгуулсан ажлуудыг CCTV, Франц-24, Аль жазира, Синхуа зэрэг гадаадын 10 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага сурвалжилжээ

“Манай улсын хөгжлийн цаашдын стратеги ногоон хөгжлийн зарчимд тулгуурлана. Ийм ч учраас Шинэчлэлийн Засгийн газар хариуцсан яамны статусыг дээшлүүлж, үндсэн чиг үүргийн яам болгосон” гэж Ерөнхий сайд тодотголоо. Түүнчлэн, монголчууд байгаль хамгааллын туршлагаараа үлгэр болохуйц соёл уламжлалтай ард түмэн болохыг монгол гэр сууцаараа жишээлэн ярьсан юм.

Олон улсын тэмдэглэлт өдрийг эх орондоо хүлээн авч зохион байгуулах нь байгаль орчны чиглэлд хэрэгжүүлж буй өөрийн орны үйл ажиллагааг сурталчлах, олон улсын зүгээс дэмжлэг туслалцаа авахад чухал ач холбогдолтой. Энэ өдрийг тэмдэглэх хүрээнд олон салбарт зохион байгуулсан ажлуудыг CCTV, Франц-24, Аль жазира, Синхуа зэрэг гадаадын 10 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага сурвалжилжээ