Гадаадын долоон улсад дипломат төлөөлөгчийн газартай болно
Консулын газар нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжжээ.
2013.05.27

Гадаадын долоон улсад дипломат төлөөлөгчийн газартай болно

Манай улс өнөөдрийн байдлаар гадаадад ЭСЯ, Ерөнхий консулын газар гээд нийт 39 дипломат төлөөлөгчийн газартай. Энэ тоог цаашид нэмнэ гэж Гадаад харилцааны сайд Л.Болд сэтгүүлчидтэй уулзах үеэр мэдээлсэн.

Тэгвэл Засгийн газрын ээлжит хуралдаанаар Бүгд Найрамдах Индонез улсын нийслэл Жакарта хот, Холбооны Бүгд Найрамдах Бразил улсын нийслэл Бразилиа хотод Элчин сайдын яам нээн ажиллуулах, Лалын Бүгд Найрамдах Афганистан улсын нийслэл Кабул хотод Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээх, Бүгд Найрамдах Турк улсын Истанбул, Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Ерөнхий консулын газар, БНХАУ- ын Хайлаар, БНСУ-ын Пусан хотод Консулын газар нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжсэн байна. Эл тогтоолоо УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.