2013.06.06

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Аким Штайнерийг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнерийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улс НҮБ-аас зарласан “Ногоон эдийн засгийн хөгжлийн түншлэл” хөтөлбөрийн анхны гишүүн орнуудын нэг болсонд баяр хүргээд 1972 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж байгаа  “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг энэ жил Монгол улс хүлээн авч энэ үйл ажиллагааны хүрээнд “Ногоон хөгжлийн үндэсний чуулган”-ыг зохион байгуулсанд талархал илэрхийллээ.

Мөн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь Монгол Улсын ногоон эдийн засаг, ногоон хөгжлийн стратегийн чиглэлээр хийж байгаа ажлуудыг бусад орнуудад түгээн дэлгэрүүлэх, энэ чиглэлээр цаашид хийх ажлуудад тусламж үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ.   

Уулзалтын үеэр

“Ногоон хөгжлийн стратеги бол хүмүүсийн амьдрал ахуй, хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой. Ногоон хөгжлийн яамнаас стратегийн баримт бичгээ боловсруулж эхэлсэн. Энэ баримт бичгийг  НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр улам боловсронгуй болгоод ойрын үед гаргана гэдэгт итгэлтэй байна.

Манай оронд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор байгаль орчны нөхөн сэргээлтийн шинэ  дэвшилтэт технологи дутагдаж байна. Улаанбаатар хотын гэр хорооллын бохирдлын асуудлыг шийдээгүйгээс байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Энэ асуудлуудыг шийдэхээр Засгийн газар  бодитой ажлууд хийж эхэлсэн” гэж Ерөнхий сайд хэллээ