Канадад зорчих иргэдэд 10 хүрэлх жилийн олон удаагийн виз олгохоор болов
Гадаад харилцааны сайд Л.Болд Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Грегори Гоулдхок-ийг өөрийнх нь хүсэлтээр энэ сарын 7-нд Төрийн ордны ёслолын танхимд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд Г.Гоулдхоук энэ өдрөөс эхлэн Канад Улсад зорчих Монгол Улсын энгийн паспорттай иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттай иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз олгож байхаар Канад Улсын Засгийн газар шийдвэрлэснийг мэдэгдэж, холбогдох ноотыг гардуулав.
Монгол улсын иргэд хилийн чанадад визгүй зорчих боломжтой улсууд
Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газар иргэдийнхээ хилийн чанадад зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаар онцгой анхааран ажиллаж буйг онцлоод энэхүү бодлогын зорилтод нийцсэн бас нэгэн чухал шийдвэрийг канадын талаас гаргасанд талархал илэрхийлэв.
Г.Гоулдхоук Монголоос Канад Улсад зорчигчдын тоо жилээс жилд өсч, тэдгээрээс суралцах зорилгоор явж байгаа иргэдийн тоо, чанар нэмэгдэж буйд Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд баяртай байгааг дурдаад, монгол иргэдэд урт хугацааны олон удаагийн виз олгохоор болсон нь ирээдүйд хоёр орны иргэд харилцан визгүй зорчих нөхцөлд хүрэхэд чиглэсэн чухал алхам гэдгийг тэмдэглэлээ.
Талууд Монгол Улсын Их Хурлын даргын өнгөрсөн 3 дугаар сард Канад Улсад хийсэн албан ёсны айлчлал цагаа олсон чухал арга хэмжээ болсныг тэмдэглээд айлчлалын үеэр яригдсан зүйлс хэрэгжиж эхэлж буйд сэтгэл хангалуун буйгаа харилцан нотлов.
Мөн дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буй энэ онд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд түлхэц болохуйц бусад арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо.