БНСУ-д ажиллаж байгаа гэр бүлүүдтэйгээ уулзлаа
ХТҮГ-ын дарга И.Нарантуяа БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн нээлтэд оролцон Монгол сургуулийн удирдлагатай уулзалт хийлээ.
БНСУ дахь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн нээлт Түндэмүн дүүрэгт байрлах White horse building 9-н давхарт 5-р сарын 6-ны өдөр боллоо.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тэргүүтэй Нийгмийн даатгал, Нийгмийн Халамж, ХТҮГ, СЗҮТ-ийн төлөөлөгчид, Монгол улсаас БНСУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт сайд Б.Ганболд болон БНСУ-ын холбогдох төрийн байгууллагын төлөөлөгч зочид, ХАХНХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, ХТҮГ-ын Олон нийттэй харилцах хэлтэс, МҮОНТ-ийн ММ агентлаг, ЗА телевизийн сурвалжлагч, зураглаачид оролцлоо.
Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамнаас БНСУ-д ажиллаж амьдарч буй иргэддээ нийгмийн хамгаалалын үйлчилгээг нэг цэгийн үйлчилгээний төвөөр дамжуулан хүргэхээр шинэчилсэн зохион байгуулалтаар ажиллаж эхэлж байна.
Монгол сургуулийн удирдлагуудтай уулзан, тус сургуулийн хүүхдүүдийн сурч байгаа сургуулийн орчин, сургалтын байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.
Тус төв нь БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгохоос гадна нийгмийн халамж, гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр мэдээлэл хүргэж, зөвөлгөө өгөх, сайн дурын тэтгэврийн даатгалд хамруулах зэрэг үйлчилгээг багтаасан цогц үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм.
Түүнчлэн Монгол Улсын нийгмийн халамжийн чиглэлийн хууль тогтоомж болон БНСУ-ын хүн ам, гэр бүл, нийгмийн хамгаалал, оршин суухтай холбоотой хууль, тогтоомж, эрх зүйн орчны шинэчлэлт өөрчлөлтийн талаарх мэдээллээр иргэдийг хангаж ажиллана.
Үүнээс гадна нийгмийн халамж, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол, Солонгосын төрийн болон төрийн бус бусад байгууллагуудын үйл ажиллагааг холбох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийгмийн хамгааллын чиглэлээр хамтарсан сургалт, судалгаа явуулахад гүүр болон ажиллах юм.
ХТҮГ-ын дарга И.Нарантуяа БНСУ-д ажиллах үеэрээ Монгол сургуулийн удирдлагуудтай уулзан, тус сургуулийн хүүхдүүдийн сурч байгаа сургуулийн орчин, сургалтын байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.
2005 оноос хойш монгол хүүхдүүдийн сурч, боловсрох эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулсан тус сургуульд Монгол улсын түүхтэй холбоотой ном, гарын авлага бэлэглэн, хүүхдийн төлөө олон жил сайн дураараа ажиллаж буй БНСУ-ын иргэд, Монгол хүүхдүүд, эцэг эхийн төлөөллийг ХТҮГ-ын шагналаар шагнаж урамшууллаа.
Монгол сургууль нь 4 давхар байртай, 1-9-р ангид 78 хүүхэд сурдаг. Хүүхдүүдэд Монгол ёс заншлыг мэдүүлэх талаар эцэг эхийн зөвлөл, сургуулийн удирдлага санаачлагатай ажиллаж, төрөлх хэл дээрээ сурах, боловсролын стандартын дагуу монгол хэл дээрх сургалтын ном, гарын авлагыг ашиглаж байна.
Хүүхдүүд зочиддоо өөрсдийн авьяасаа үзүүлж мэндчилгээ дэвшүүллээ.
Сургуулийн удирдлагын зүгээс төрийн байгууллага хүүхдүүдийн монгол соёлоо хүндэтгэх, боловсрол олгож байгаа байдалд болон БНСУ-д байх визны хугацаа дууссан 2 гэр бүлийн хүүхэд байгааг анхааралдаа авахыг хүслээ хэмээн Хүүхдийн төлөө үндэсний газрын олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.