С.Эрдэнэ: Тулгамдаж байгаа асуудлаа бодлогодоо зөв тусгах хэрэгтэй
Монгол Улс хөгжлийн туйлдаа хүрэх мөч ойртсоор. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудын жишгээр манай орны насжилт залуужсан учир тэр хэрээр хурдацтай хөгжих цаг айсуй. Гэвч эх орны ирээдүйг гартаа атгасан залуусыг дэмжсэн тодорхой бодлого байхгүйгээс бусад орны жишигт хүрч чадахгүй байгаа юм. Одоо ч оройтоогүй учраас ХАХНХЯ, МЗХ хамтран Залуучуудын хөгжил, шинэчлэлийн бодлогыг тодорхойлохоор залуучуудын санаа бодлыг сонсч, чуулсан юм.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнээс дараах зүйлсийг тодрууллаа.
-Залуусын хөгжлийг төрөөс бодлогоор дэмжих шийдвэр гарсаны дагуу өнөөдрийн чуулга уулзалтыг хийж байна. Эндээс ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Сүүлийн 20-иод жил төрөөс залуусын хөгжлийн чиглэлээр эрхзүйн тодорхой бодлого, шийдвэр гаргаагүй. Залуучуудын чиглэлийн тодорхой бүлэг ч байсангүй. Харин анх удаа ХАХНХЯ-ны бүтцэд залуусын хөгжлийг хариуцсан хэлтэс бий болгосон.
Энэ хүрээнд үндэсний хэмжээний томоохон чуулганыг зохион байгуулж байна. Залуусын хөгжлийн бодлогыг тэдний оролцоотойгоор боловсруулах, бие даасан хууль, баримт бичигтэй болъё гэсэн үндсэн зорилгоор чуулганыг зохион байгуулж буй.
Залуус руу чиглэсэн төрийн бодлогыг зөв тодорхойлох нь хамгийн чухал асуудал. Тийм ч учраас 21 аймаг, есөн дүүргийн залуусыг хуралдаж байна.
-Залууст тулгамдаж буй асуудал бол ажилгүйдэл шүү дээ. Үүний гол зангилаа юунд байна. Залуус хөдөлмөрлөхгүй бол хөгжих талаар яриад хэрэг байна уу?
-Монгол Улсын нийт залуусын 25 хувь ажилгүй байна гэсэн судалгаа гарсан. Энэ бол өндөр үзүүлэлт. Цаашдаа залуусыг ажлын байраар хангахаар олон ажил эхлүүлээд байна. Ажилгүй байгаагийн бас нэг шалтгаан нь залуучууд тогтвортой ажиллах орчин муугаас.
Монгол Улсын нийт залуусын 25 хувь ажилгүй байна гэсэн судалгаа гарсан.
Өөрөөр хэлбэл, шинэ ажлын байранд очихоор тухайн газрын тавьсан шалгуур, эрхзүйн орчинд нийцэж чаддаггүйгээс ч юм уу ажлын байр маш их сэлгэж явдаг. Тиймээс залуу хүн бүр дээд боловсролтой болох биш, зөв мэргэших хэрэгтэй. Энэ асуудлыг бодлогодоо зөв тусгаж өгөх хэрэгтэй.
-Залуусыг мэргэшүүлэх хэрэгтэй байна гэлээ. Боловсролын тал дээр хэрхэн анхаарах вэ?
-Шинэчлэлийн Засгийн газраас залуусын боловсролд анхаарч хийх ажлаа баталсан. Саяхан гэхэд МУБИС-ийн оюутнуудыг төгсөөд таван жил тогтвортой ажиллах нөхцөлтэйгөөр сургалтын төлбөрөөс нь хөнгөллөө.
Залуучуудын хөгжлийн бодлогыг чанартай боловсруулж чадвал Монголын төр хөгжих боломж бий болох учиртай. Монгол Улс хүн ам зүйн цонхны үе буюу хүн амын насжилтын нэн таатай үедээ явж байгаа. Залуучуудын насжилтын эзлэх хувь хамгийн өндөр хувьтай явж байна.
Энэ үе 2025-2030 он хүртэл үргэлжилнэ. Мөн асар их баялгаа илрүүлэн ашиглах гараан дээр зогсч буй эдгээр таатай нөхцөлөө Монгол Улс зөв ашиглаж, зөв бодлого явуулбал хөгжил бидний гарт. Нэг ёсондоо, алдаж болохгүй агшин ирээд байна.