Баянхонгорчууд хөдөлмөрийн баяраа тэмдэглэж байна
“Хөдөлмөрийн баярт” Баянхонгор аймгийн 20 сумын төлөөлөл, тус аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа нийт төрийн болон ТББ, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл 4500 орчим хүн оролцлоо.
2013.05.20

Баянхонгорчууд хөдөлмөрийн баяраа тэмдэглэж байна

 Баянхонгор аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, аймгийн Засаг даргын тамгын газар, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв хамтран тус аймагт зохион байгуулж байгаа “Хөдөлмөрийн бага чуулган”-ны үйл ажиллагааны хүрээнд “Хөдөлмөрийн баярыг” зохион байгууллаа.

“Хөдөлмөрийн баярт” Баянхонгор аймгийн 20 сумын төлөөлөл, тус аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа нийт төрийн болон ТББ, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл 4500 орчим  хүн оролцлоо.

Хөдөлмөрийн баярт оролцогсод 15 000 мод тарьж, аймгийн гудамж хорооллын хогийг цэвэрлэж амьдарч байгаа орчноо хоггүй цэвэр болгоход хувь нэмрээ орууллаа. Мөн энэ өдөр Баянхонгор аймагт хэрэгжих шинэ бүтээн байгууллалтын шавыг тавьлаа.

“Хөдөлмөрийн баяр”-ын үеэр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд суралцаж байгаа иргэдийн дадлагын явцтай аймгийн болон сургалтын байгууллагын удирдлагууд танилцлаа.

10000 модыг тус улсын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар хөрсөнд суулгасан

 Хөдөлмөрийн баярын өдөр Баянхонгорчууд Польш улсаас авч ирсэн энергийн 10000 модыг тус улсын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар хөрсөнд суулгасан байна .

Мөн Хөдөлмөрийн бага чуулганы хүрээнд “Ажил хайж байгаа иргэд, ажил олгогчид, ажилд зуучлах үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад тохиолдож байгаа бэрхшээл, сургамж, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Энэхүү хэлэлцүүлэгт Баянхонгор аймгийн ажил олгогчид, ажил хайгч иргэд, төрийн болон ТББ, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлууд, аймгийн иргэдийн хурал, засаг даргын тамгын газар, Хөдөлмөрийн яамны төлөөлөл бүхий 100 гаруй хүн оролцов.

Хэлэлцүүлгээр ажил хайж байгаа иргэд тулгамдаж байгаа асуудлаа танилцуулсан нь насны хязгаар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр дундаа туршилтаар нэртэй 3 сар гаруй ажиллуулаад, тэнцсэнгүй гэж ажилласан хугацааны хөлсийг өгөхгүй байх олон бэрхшээлүүд байгааг дурьдаад тогтвортой ажлын байраар хангах бодлогыг хэрэгжүүлж өгөхийг онцолж байлаа.

 Уг чуулганы гол зорилого нь хүн болгон ажилтай, орлоготой байх, ажил олгогч ажил хайгч нарт тохиолдож байгаа бэрхшээлийг шийдвэрлэх талаар Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг танилцуулахал оршсон байна. Энэхүү чуулганд Хөдөлмөрийн Яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Жадамба, Баянхонгор аймгиин засаг дарга Д.Жаргалсайхан нар шинэчиллийн засгийн газрын үйл ажиллагааны талаар илтгэл тавьжээ.