Хувийн дунд сургуулийн захирлуудтай төлбөрийн талаар ярилцана
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана
2012.08.28

Хувийн дунд сургуулийн захирлуудтай төлбөрийн талаар ярилцана

Өнөөдөр нийслэлийн боловсролын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнд 305 цэцэрлэг, 265 сургуулийн удирдах ажилтнууд оролцож 2011-2012 оны хичээлийн жилийн тайлан болон 2012-2013 оны шинэ хичээлийн жилийн нээлттэй холбогдуулан баримтлах бодлого чиглэлийг хэлэлцэж байгаа юм. БШУ-ны сайд Л.Гантөмөр, БШУ-ны дэд сайд Б.Ундармаа, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Баатархүү нар оролцож байгаа бөгөөд ирэх хичээлийн жилээс боловсролын салбарт томоохон шинэчлэлт хийгдэнэ гэдгийг сайд Л.Гантөмөр онцоллоо.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана

Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас зарим зүйлийг тодруулав.
-Шинэ хичээлийн жилийн онцлог юу вэ?

-Хуулийн шинэчилсэн орчинд эхэлнэ. Өмнө нь байсан сайн туршлагыг хэрэгжүүлнэ. Шинэчлэлийн Засгийн газраас хүүхэд бүрт шинжлэх ухааны мэдлэг олгохоос гадна зөв хүн болгож хүмүүжүүлэх, сургалтыг нийтийг хамарсан байдлаар биш тухайн хүүхдийн онцлог чадварыг нээн илрүүлдэг байдлаар явуулна. Мөн сургалтын үйл ажиллагаанд эцэг, эх, сурагчдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана.

-Сургуулийн өргөтгөл барих газар байхгүйгээс хүүхдүүд жил бүр гурван ээлжээр хичээллэсээр байна. Газрын асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Цэцэрлэг болон сургуулийн барилгын асуудал хүнд байна. Цэцэрлэг, сургууль барих хөрөнгө оруулалтаас илүү газрын асуудал хүндрэлтэй байна.

-Цэцэрлэг болон сургуулийн барилгын асуудал хүнд байна. Цэцэрлэг, сургууль барих хөрөнгө оруулалтаас илүү газрын асуудал хүндрэлтэй байна. Бид дүүргийн тамгын газар, яаманд санал тавьсан. Газрын асуудлыг төсвийн мөнгөөр худалдаж авах асуудал яригдаж магадгүй. Хуучирч муудсан сургуулийг буулгахдаа 75 ортой цэцэрлэгийг 100 ортой болгох биш 250, 300 ортой хүүхдийн цэцэрлэг болгож хүчин чадлыг нь нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч байна. Ингэснээр хүүхдийн суудал болон орны тоог нэмэгдүүлэх боломжтой болно. Хоёр давхар стандартыг өөрчилж гурван давхар байлгахад анхаарна.

-Дунд сургуулийн захирлуудын сонгон шалгаруулалтыг нээлттэй болгоно гэсэн. Яаж хийх вэ?

-Өнөөдрийн хуулиар дүүргийн Засаг дарга нар асуудлыг тавьж Нийслэлийн боловсролын газраас сонгон шалгаруулалт явуулдаг дүрэмтэй. Шинэ хуулиар бол 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс нийслэлийн Засаг дарга асуудлыг тавина. Тиймээс сургуулийн захирал, эрхлэгч нарын сонгон шалгаруулалт ил тод, шударга явагддаг журамтай болно.

-Жил бүр сургууль, цэцэрлэгүүд хандивын анги нэрээр авлига авдаг. Ер нь хандивын анги байх ёстой юу?

-НБГ-аас сургуулийн бүртгэлийн асуудлыг аль нэг багш бүртгэдэг биш хорооны нийгмийн ажилтан, эцэг эхийн зөвлөлөөс бүртгэх зөвлөмж өгсөн. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа учраас хандивын анги нээх асуудал байхгүй. Иргэд хандивын анги байгаа гэсэн бодит мэдээллийг өгвөл бид шалгах боломжтой. Одоогоор мэдээлэл байхгүй байгаа тул иргэд 1290 тусгай дугаар руу хандана уу. Бид нэр, хаяггүй мэдээлэл авахгүй. Мөн НБГ-т бичгээр мэдээлэх боломжтой.

-Хувийн дунд сургуулийн төлбөр их, дээд сургуулийн төлбөрөөс үнэтэй байна. Үүнд хяналт тавьж, хязгаарлалт хийх боломжтой юу?

-Хувийн дунд сургуулийн төлбөрийг тухайн сургуулийн зөвлөл шийддэг. НБГ хувийн дунд сургуулийн төлбөрт хязгаарлалт тавих боломжгүй. Энэ талаар ирэх сарын 10-ны дотор хувийн сургуулийн холбоо, зөвлөлтэй уулзаж ярилцана.