Х.Гиймаа: Хүнсний аюулгүй байдлыг мөрдөх цаг нь болсон
Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа
2013.05.20

Х.Гиймаа: Хүнсний аюулгүй байдлыг мөрдөх цаг нь болсон

-Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Хүнсний тухай хууль нэгэнтээ батлагдаад хэрэгжээд явж байна. Энэ бол үндэсний хэмжээний аюулгүй байдлыг авч хэлэлцлээ гэж ойлгож, сайшааж байгаа хүмүүс их байна. Хууль батлалцахад оролцсон таны хувьд ч, мэргэжлийн хүний хувьд ч аваад үзвэл олон нийтэд нийцтэй хууль болсон болов уу

Хүнсний аюулгүй байдалтай холбоотой хууль үнэхээр хэрэгтэй байсан.  Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд хүнсний сүлжээнд  аюулгүй байдлыг байдлыг хангаж ажиллана. Хүнсний сүлжээ гэдэгт ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийг тариалах,хураах, бэлтгэх, мал,амьтан өсгөх, үржүүлэх,худалдах, мал төхөөрөх, сүү бэлтгэх, тээвэрлэх, байгалийн гаралтай жимс, жимсгэнэ, ургамлыг түүх, тэдгээрийг зах зээлд нийлүүлэх, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, тээвэрлэх, хадгалах, нөөцлөх, худалдан борлуулах, экспортлох, импортлох хоол үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүнийг тусламжаар авах, өгөх зэрэг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг ойлгоно.

Энэ сүлжээнд үйл ажиллагаа эрхлэгч өөрийн тарьж ургуулсан, бэлтгэсэн, тээвэрлэсэн, үйлдвэрлэсэн, худалдан борлуулсан, боловсруулсан импортлосон хүнсний түхий эд, бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг өөрөө хариуцна.

Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч түүхий эд, бүтээгдэхүүнийхээ аюулыг байдлыг ямар арга хэлбэрээр ханган ажиллах,сав баглаа боодол, шошгод ямар мэдээлэл тусгах,ямар тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй түүхий эд, бүтээгдэхүүн гэж үзэх, зах зээлд нийлүүлсэн бүтээгдэхүүнээ ямар нөхцөлд хэний шийдвэрээр буцаах болон татан авах, ямар бүртгэл мэдээллийг хөтөлж байх зэрэг тодорхой зүйл заалтуудыг тусгаж өгсөн.  

-Импортоор орж ирэх бараа бүтээгдэхүүнд хяналт тавьж, хязгаарлалт хийнэ гэдэг энгийн хүмүүсийн ойлгож буйгаар бол хамгийн давуу тал гэж ойлгож байгаа. Үүнээс өөр нарийн ширийн зүйл их л байдаг байх?

Импортлогч өөрийн импортолсон бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг өөрөө хариуцна

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хязгаарлах талаар ямар ч зүйл заалт байхгүй. Харин ч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлоход олон шат дамжлагаар бичиг баримт бүрдүүлж импортын мэдэгдэл авах, импортоор оруулж ирэх бүрт загвар дээжид шинжилгээ хийлгэж байсан асуудлыг байхгүй болгосон. Импортлогч өөрийн импортолсон бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг өөрөө хариуцна.

Хүнсний тухай хуульд хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлох заалт орсон байгаа.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн гол нэг зарчим нь эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг гүйцэтгэхээр тусгасан. Энэ нь импортлогч аж ахуй нэгж, импортын түүхий эд бүтээгдэхүүнд нь эрсдэлийн шалгуур үзүүлэлтээр үнэлж хяналт шалгалтыг гүйцэтгэх юм. Импортоор оруулж ирж буй бүхий л бараа бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээнд хамруулж, хянана гэсэн үг биш юм. Мал, амьтан ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг анх удаа импортлох тохиолдолд бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэсэн улс орон, бүс нутаг, үйлдвэрлэгчийн нэр зэрэг мэдээллийг ачилт хийхээс 30 хоногийн өмнө импортлогч хяналтын байгууллагад урьдчилан мэдэгдэнэ. Хяналтын байгууллага бичиг баримтыг хүлээн авч судлан үзнэ. Нэн шаардлагатай тохиолдолд хүнсний аюулгүй байдалтай холбоотой эрсдэлийн үнэлгээ хийх, ачилтын өмнөх хяналт шалгалтыг гүйцэтгэнэ.

Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод агуулагдах мэдээлэл монгол, англи, орос хэлний аль нэгээр бичигдсэн байх заалтыг тусгагдсан.

Харин нярай, бага насны хүүхдийн болон сувиллын хоолны дэглэм, шаардлагад нийцүүлсэн боловсруулсан түүхий эд, бүтээгдэхүүний зориулалт, найрлага болон хэрэглэх заавар монгол хэл дээр байх талаар хуулийн зүйл заалтад оруулсан байгаа.

-Одоо хуулиа мөрдүүлэхийн тулд дүрэм журмаа хэлэлцэж байгаа гэсэн. Үүн дээр гарах асуудал нь юу вэ. Төрийн зүгээс, бас хувийн байгууллагын талаас үзүүлэх санал, байр суурь гээд олон асуудал гарч ирэх болов уу?

малын бэлчээрээс – хэрэглэгчийн ширээ хүртэлх бүхий л үе шатанд дүрэм журам нь тодорхой байж хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллана

Хуулийг дагаж 14-18 дүрэм, журмыг төрийн төв байгууллагууд хариуцан гаргахаар зохицуулсан. Эдгээрээс цөөнхөн дүрэм журам гарч байна. Дүрэм журам боловсруулах, батлуулах ажил их л удаашралтай явагдаж байх шиг санагдах юм.

Гарч байгаа дүрэм, журмынхаа талаарх мэдээллийг бизнес эрхлэгчдэд хүргэх, сурталчлах ажил учир дутагдалтай байна. Хүнсний аюулгүй байдалтай холбоотой журмаар зохицуулагдах зүйл заалтууд нилээд байгаа. Хуулийг сурталчлах, мэдээлэл өгөх асуудал олон нийтийг хамарч чадахгүй байна.

Хүнсний аюулгүй байдал гэхээр л дотоодын хүнсний боловсруулах үйлдвэрүүдэд мөрдөгдөх юм шиг ташаа ойлголт олон нийтэд байдаг.

Хүнсний зориулалтаар малаа мал төхөөрөх үйлдвэрт нийлүүлж буй малчин, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тариаланч, ногоочин зэрэг хөдөө аж ахуйн анхан шатны үйлдвэрлэл эрхлэгчдэд үйл ажиллагаандаа хуулийн ямар зүйл заалтыг хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар сургалт, мэдээллийг тэр болгон өгч ажиллахгүй байна.

Хөдөө аж ахуйн анхан шатны үйлдвэрлэлд /малын бэлчээрээс – хэрэглэгчийн ширээ хүртэлх бүхий л үе шатанд /  мал нь эрүүл байж, малд хэрэглэж буй эм,биобэлдмэл нь баталгаатай, хангамж нь хүртээмжтэй түүнийг хэрэглэх заавар дүрэм журам нь тодорхой байж хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллана.

Газар тариаланд хэрэглэж буй химийн бодис, бордоог ямар нөхцөлд хадгалж, ямар тун хэмжээтэй, яаж  хэрэглэх талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг, хүнсний ногоо тариалж зах зээлд нийлүүлж буй бизнес эрхлэгчид энэ талын мэдээллийг хаанаас авах нь ч тодорхой бус байна.

Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд агуулагдах малын эм биобэлдмэлийн болон пестицидийн үлдэгдлийн зөвшөөрөгдөх хэмжээг тогтоосон зохицуулалттай, лабораторит шинжлэх урвалж бодис,  багаж хэрэгсэлтэй чадварлаг хүний нөөцтэй байх нэн тэргүүний шийдвэрлэх асуудал юм шиг санагддаг.

-Найдвартай, монгол хүнс гэдэг утгаараа иргэд дотоодын хүнсээ хэрэглэх дуртай байдаг. Гэвч ажлын байрны ариун цэвэр тийм ч хангалттай байдаггүй гэсэн шүүмжлэл дотор нь ажиллаж буй хүмүүсийн ярьж байхтай таарч байлаа. Ийм  ахуйн байдал эргээд хүнсний аюулгүй байдалдаа нөлөөлөх нь дамжиггүй. Энэ талаар хяналт шалгалтыг хаанаас хийх юм бэ?

-Хэрэглэгч бид хүнсний бүтээгдэхүүнээ хаанаас ч авсан эрүүл, аюулгүй баталгаатай, айдасгүй, сэтгэл ханамжтай байхыг хүсдэг.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь өөрийн үйл ажиллагааны төрлөөс хамааран үйлдвэрийн, эрүүл ахуйн, хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж, хэвшүүлэн ажиллана гэж тусгасан. Хүнс, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаанд эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж, хэвшүүлж ажилласнаар өөрийн үйлдвэрлэсэн түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг баталгаажуулж, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллана.

Хуулийн үндсэн зарчим нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хариуцна. Хяналт шалгалт нь эрсдэлд суурилсан байна. Тухайн аж ахуй нэгжийг хяналтын хуудас, эрсдэлийн шалгуур үзүүлэлтээр эрсдлийг нь их, дунд, бага гэж үнэлнэ. Үнэхээр эрсдэл өндөртэй байх тохиолдолд хяналт шалгалтын давтамж нь илүү байна. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч өөрийн үйл ажиллагаандаа дотоод хяналтыг хэрэгжүүлж ажиллах юм. Мэдээж хөндлөнгийн хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын байгүүллага хянана.

-Хадгалах байр саванд томоохон ач холбогдол өгч хяналт тавигдах болов уу гэж бодож байна. Олон том цогц ойлголтоос хүнсний хангамж, шим чанарыг нь аваад үзье л дээ. Хүнсний хангамж бий болсон тэр цагт шим тэжээлийг нь алдагдуулахгүйгээр хадгалах байр ямар хэмжээнд байх ёстой вэ. Үүнд яаж хяналтыг тавих бол?
Махыг нөөцөлж хадгалахдаа муутгахгүй, хөлдөөж хадгалах л ойлголт байдгаас нөөцөлсөн махны чийгийг алдагдуулахгүйгээр яаж хадгалах талаар анхаардаггүй

-Манай орны хувьд эрс тэс уур амьсгалтай байгалийн онцлог бүсэд оршдог болохоор тарьж ургуулсан төмс хүнсний ногоо, махаа нөөцлөн хадгалж хэрэглэдэг уламжлалтай. Саалиа бэлдэхээр саваа бэлтгэ гэж зүйр үг байдаг, тарьж ургуулсан төмс, хүнсний ногоогоо чанарыг нь алдагдуулахгүйгээр хэрхэн зөв хадгалах, агуулах зоорь нь ямар шаардлага хангасан байх, хадгалах явцад юун дээр нь анхаарч ажиллах талаар мэдээлэл, мэдлэг дутмаг байдаг болов уу.

 Ялангуяа махыг нөөцөлж хадгалахдаа муутгахгүй, хөлдөөж хадгалах л ойлголт байдгаас нөөцөлсөн махны чийгийг алдагдуулахгүйгээр яаж хадгалах талаар анхаардаггүй. Иймээс мах нь хатаж, шинэлэг байдлаа алдсанаас нөөцийн махны чанар муу гэдэг ойлголттой байдаг. Гүн хөлдөөх технологит тухайн бүтээгдэхүүний чийгийг хадгалах орчин үеийн дэвшилт техник, технологийг судалж, нэвтрүүлэх, мах нөөцлөх

Хүнсийг хадгалж нөөцлөх, худалдан борлуулах бизнес эрхлэгч хүнсний сүлжээнд хамрагдаж үйл ажиллагаа эрхэлж байгаа тул түүхий эд, бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хариуцна. Хөндлөнгөөс хэн, хэзээ, яаж хяналт тавих бол гэдгээс салж бизнес эрхлэгч өөрөө хяналтаа тавьж аюулгүй байдлыг хариуцна гэдгийг дахин хэлмээр байна.

-Зарим нэр төрлийг гаднаас бүр оруулж ирэхгүй байлгаж болдоггүй юм болов уу. Жишээ нь тахианы мах, өндөг зэрэг нь олон улсад эрсдлийг бий болгож байна. Дотооддоо нийлүүлэлт хийх боломжтой бүтээгдэхүүнийг хязгаарлаж болдоггүй юм болов уу гэсэн иргэдийн асуулт байдаг л даа? 

Хүнсний шимт чанар, хангамж нь жигд хүртээмжтэй, тогтвортой байх асуудлыг Хүнсний тухай хуулиар зохицуулж өгсөн.

Манай улс хүн амынхаа  хүнсний хангамжийг хүнсний нэр төрлөөр нь зөв бодитой тодорхойлж, эрэлт хэрэгцээ, нийлүүлэлтийг уялдуулж тооцох нэн шаардлагатай гэж боддог. Дотооддоо үйлдвэрлэж чадахгүй зайлшгүй импортоор авах хүнс, дотоодынхоо үйлдвэрлэлээр хангах бүтээгдэхүүний тоо хэмжээг тодорхой гаргасан нөхцөлд үйлдвэрлэгчид хөрөнгө оруулалтыг хэзээ, хаана ямар үйлдвэрлэлд оруулах талаарч мэдээлэлтэй байх болно. Хөдөө аж ахуйд үйлдвэрлэсэн сүү, бэлтгэсэн махны статистик тоон үзүүлэлтүүд тэр болгон бодитой байж чаддаггүй. Тэр утгаараа ч махны үнэ нь өссөн, импортоор сүүн бүтээгдэхүүнээ авч байна. Бодит тоон үзүүлэлт, судалгаанд тулгуурлаж хүнсний бүтээгдэхүүнийхээ эрэлт хэрэгцээ, нийлүүлэлтийг гаргаж, төлөвлөж байх нь зүйтэй болов уу гэж бодож байна.

-Сав баглаа боодлоос эхлээд бидний өдөр тутам хоолоо бэлдэх хуванцар махны мод, усны сав зэргийг хувь хүн гэлтгүй, албан байгууллага ч  өргөн хэрэглээгээ болгоод байгаа. Эдгээр нь хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйл мөн үү?

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материалаар хийсэн сав баглаа боодолд савлана гэсэн заалтыг тусгасан.

-Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд сав баглаа боодлын асуудал их чухал. Энэ талаар талаар гарсан зохицуулалт байдаггүй гэж хэлэхэд болно. Техникийн зохицуулалт, бүтээгдэхүүний стандартад хүнсний зориулалтын сав баглаа боодлыг хэрэглэнэ гэсэн нэг л заалт байдаг. Энгийн жишээ бид бүхний өдөр тутмын амьдралд тохиолддог хүнсний зах, дэлгүүрээс мах худалдан авахад 100 төгрөгний үнэтэй цагаан, шар гялгар уутанд савлаж өгдөг. Энэ уут хүнсэнд хэрэглэх уут мөн, биш эсэхийг  хэн ч анзаардаггүй. Мөн хуванцар цэнхэр сав сүү, айраг цагаан идээ, ундны усаа зөөж хадгалдаг. Эдгээр гялгар уут, савыг хүнсний зориулалтаар үйлдвэрлэгдсэн мөн эсэхийг ч мэдэхгүй, ийм л сав баглаа боодол хэрэглэж байна.  Хаанаас хэн оруулж ирж борлуулдаг талаар тодорхой мэдээлэл байдаггүй. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материалаар хийсэн сав баглаа боодолд савлана гэсэн заалтыг тусгасан. Энэхүү зохицуулалтыг гаргах шаардлагатай гэж боддог.

-Хагас болон бүтэн боловсруулсан лаазалсан, лаазлаагүй бүтээгдэхүүний орц найрлагад чанарын хяналт яаж тавигдах бол. Дотоод хяналт бол байгууллагынхаа эдийн засагт л захирагдана шүү дээ?

Шошго бүрэн байх хэрэгтэй.

Хагас боловсруулсан бүтээгдэхүүний орц найрлагад хяналт тавихаас илүүтэйгээр боловсруулж (халаах, жигнэх, шарах гэх мэт) хэрэглэх заавар нь чухал. Хэрэглэгчдийн хүнсний хэрэглээний хэв маяг өөрчлөгдөж, цаг хугацаагаа хэмнэж хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэх болсон. Ялангуяа далайн гаралтай болон мах, махан төрлийн хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг их хэрэглэж байна. Импортоор эдгээр төрлийн хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг оруулж ирэхэд хаяг шошгонд нь гүйцэд боловсруулах аргачлалыг монгол хэл дээр байна гэсэн шаардлагыг хуульд тусгаж өгсөн. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний сав баглаа боодол, шошгод тусгах мэдээллийн талаар зүйл заалтууд их тодорхой тусгагдсан. Буруу шошголсон гэдэгт худал мэдээлэл агуулсан, өөр хүнсний түүхий эд бүтээгдэхүүний сав, баглаа боодол ашиглан шошгыг дуурайлгаж хуурамчаар үйлдсэн, унших боломжгүй, ойлгомжгүй үг, өгүүлбэр, он, сар өдөр бичигдсэн байхыг ойлгоно. Хуулийн дээрх зүйл,заалтыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага нь ч тодорхой болсон. Дотоод хяналтаа сайжруулах нь тухайн үйлдвэрийн эдийн засаг, санхүү, хөрөнгө мөнгөний бололцоонд захирагдхаас илүүтэйгээр нэгэнт л хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа тохиолдолд хүнсний эрүүл ахуй, ариун цэвэрт тавих шаардлагыг өндөржүүлж,аюулгүй байдлын талаарх мэдлэг чадвараа л дээшлүүлж ажиллах юм. Дотоод хяналт гэхээр заавал том лаборатори эсвэл дотоод хяналтын алба байгуулах биш юм. Харин бүртгэл, мэдээллийг үнэн зөв сайн хөтөлж байх шаардлагатай. Ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, үйлдвэрлэлийн байрны ариун цэвэр, хортон, мэрэгч амьтдын устгал гэх мэт хүнсийг бохирдуулах эх үүсвэрт хяналт тавьж ажиллах юм.

Үйлдвэрлэгчид технологийн шат дамжлагад халаах, хөргөх, бүтээгдэхүүнээ хадгалах хөргөлтийн зоорь, агуулахын температурын хяналтыг хэн, хэзээ хянах, ямар бүртгэл хөтлөх зэрэг үйлдвэрийн болон эрүүл ахуйн зохистой дадлуудыг л хэвшүүлж ажиллахад анхаарах хэрэгтэй.

 -Хөдөө орон нутагт найдвартай хүнс бараг очдоггүй гэдэгтэй та санал нийлэх үү?

Энэ тал дээр зарим хүндрэлтэй асуудлууд байдаг. Тухайн орон нутагт үйлдвэрлэдэггүй эрсдэл өндөртэй бүтээгдэхүүнийг (өндөг, кремтэй бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн) Улаанбаатар хотоос тээвэрлэдэг. Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгсэл тэр болгон байхгүй байна. Хүнсийг тээвэрлэх явцад хадгалах горим зөрчигдөх (халах, хөлдөх) хүндрэлүүд байна. Орон нутагт хүнсний чиглэлийн жижиг үйлдвэрүүдээс талх гурилан бүтээгдэхүүн, савласан ус, сүү боловсруулах цехүүд байгуулагдаж байна. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд хүнс тээвэрлэх, худалдан борлуулах бөөний төвийг ажиллуулж буй бизнес эрхлэгч бүгд бүтээгдэхүүнийхээ аюулыг байдлыг хангаж ажиллах ёстой.

Миний хувьд хүнсний салбарт тасралтгүй 31 дах жилдээ ажиллаж байна. Хүнсний аж үйлдвэрийнхээ салбарыг хөгжүүлэхэд өөрийн сурсан, мэдсэн, хуримтлуулсан туршлагаасаа бага ч болов хувь нэмэр оруулах юм.