200 саяас дээш төгрөгийн санхүүжилт хэрэгтэй бол Хөдөлмөрийн яаманд хандана
Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалан
2012.11.30

200 саяас дээш төгрөгийн санхүүжилт хэрэгтэй бол Хөдөлмөрийн яаманд хандана

Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалантай Жижиг дунд үйлдвэрийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа. 

- ЖДҮ-ийн асуудлыг Хөдөлмөрийн яам хариуцах болсон. Тус газрын ажил хэрхэн явагдаж байна. 

-Шинэчлэлийн Засгийн Газар Хөдөлмөрийн сайдын эрхлэх ажлын хүрээнд жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн асуудлыг оруулж, хуучнаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Жижиг, дунд үйлдвэрийн газрыг татан буулгасан. Мөн шинэчлэлийн Засгийн газар ирэх дөрвөн жилд 150 мянган ажлын байр бий болгоно. ЖДҮ эрхлэгчдийг санхүү, татвар, зээлийн бодлогоор дэмжсэнээр даруй 53000 гаруй ажлын байр бий болох урьдчилсан тооцоо гарсан. 

-Сум хөгжүүлэх сангийн талаар мэдээлэл өгнө үү?

-2011 оны улсын төсөвт 24 тэрбум төгрөгийг энэ зорилгоор төлөвлөснийг хүн амынх нь тооноос хамааруулан сум бүрт 50-265,0 сая төгрөг хуваарилсан. 2011 оны 4-р сарын 27-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор Сум хөгжүүлэх сангаас жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журмыг баталсан.

Сум орон нутгийн иргэд ямар чиглэлийн жижиг, дунд үйлдвэр хэрэгтэй байна гэдгээ тодорхойлж зээлээ олгодог. Хүүгийн хэмжээг орон нутгийн нөхцөл байдалд тохируулан жилд 3 хүртэл хувь байхаар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоож байх юм. Зээлийн хугацаа 36 сар хүртэл байна. Сумын Засаг даргаар ахлуулсан төсөл сонгон шалгаруулах долоон хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл ажиллахаас гадна сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалтанд хяналт тавих чиг үүрэг бүхий 7 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл иргэдийн хурлын төлөөлөгч ахлан ажилладаг. Энэ нь орон нутгийн эрх мэдэлд санхүү, хөрөнгийг бүрэн зарцуулах, хяналтаа тавих бүх эрхийг шилжүүлсэн анхны шийдвэр юм. Мөн арилжааны банкаар дамжуулахгүй үнэхээр орон нутгийн юмаа хийж чаддаг тэр ЖДҮ эрхлэгчдийг дэмжих бодлогоор олгогдож, улсын төсөвт буцаан төвлөрүүлэхгүй байнга сумандаа эргэлдэж байгаа эх үүсвэр юм.

-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр олгож буй засгийн газрын хөнгөлөлттэй зээлд хэрхэн яаж хамрагдах вэ?
Улаанбаатар хотод хэрэгжих бол 100 сая төгрөг хүртэлх санхүүжилт шаардлагатай төслийг дүүргүүдийн үйлдвэр үйлчилгээний хэлтэст материалаа өгнө.

Харин хөдөө орон нутагт бол тухайн аймгийн хуучнаар ХХААЖДҮГ-т, ирэх оны эхнээс хөдөлмөрийн хэлтсүүдэд, 200 сая төгрөг хүртэлх санхүүжилт шаардлагатай төслийг Нийслэлийн ЗДТГ-т, хөдөө орон нутгаас бол Хөдөлмөрийн яамны жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд тус тус ирүүлнэ.

200 саяас дээш төгрөгийн санхүүжилт шаардлагатай бүс нутгийн чанартай төслийг Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан дээр хүлээн авч, төсөл сонгон шалгаруулах комисс хэлэлцэн шийдвэрлэдэг. Дэмжигдсэн зээлийг тухайн зээлдэгчийн сонгосон, ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай гэрээ бүхий банкаар дамжуулан олгодог. Сум хөгжүүлэх сангийн зээл гурван жил хүртэл хугацаатай, жилийн гурван хүртэлх хувийн хүүтэй байна. Харин аймаг, нийслэл ЖДҮХС-аас олгож байгаа хөнгөлөлттэй зээлийн нөхцөл 3-5 жилийн хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй байна. 

-ЖДҮХГ нэлээд олон салбарыг өргөн хүрээтэй хамрах нь тодорхой байна. Улс эх орны эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр талаасаа товч дүгнэж хэлэх хэрэгтэй байх?

-Том хэмжээний бүтээн байгуулалт, уул уурхайн болон дэд бүтцийн төслүүдийн тухай ярихад жижиг дунд үйлдвэрийг, жижиг дунд бизнесийг дэмжих, хөгжүүлэх тухай асуудал дагаад хөндөгддөг. Төр, засгийн бодлогоор дэмжигдэх болсон энэ салбарт одоо чанартай, он удаан жилийн эдэлгээ даах тоног төхөөрөмж бүхий импортийг орлох, байгаль орчинд ээлтэй, экспортын бүтээгдхүүн үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжиж, хөгжүүлэх хэрэгтэй байна. Байгуулагдаад, чадавхижаад, бүтээгдхүүнээ гаргаад эхэлсэн ЖДҮ-ийг үйл ажиллагаагаа жигдрүүлэх, өргөжүүлэх, хүчин чадлаа нэмэгдүүлэхэд нь эргэлтийн хөрөнгөөр дэмжиж, тоног төхөөрөмжөө шинэчлэхэд нь дорвитой зохион байгуулалттай дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Одоогоор 400 гаруй тэрбум төгрөгийн эргэлттэй ЖДҮХ сангийн дэмжлэгтэйгээр ЖДҮ-ийн салбар маань улс эх орны хөгжлийн гол хөдөлгөгч хүчин болтлоо хөгжих ёстой гэж бид бодож, төлөвлөж ажиллах хэрэгтэй байна.