“Хүүхдэд ээлтэй засаглал 2016” хөтөлбөрийг дэмжиж, зөвлөмж гаргалаа
Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга И.Нарантуяа
2013.01.12

“Хүүхдэд ээлтэй засаглал 2016” хөтөлбөрийг дэмжиж, зөвлөмж гаргалаа

Өнгөрсөн сард Төрийн ордонд хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд хамтран чуулсан билээ.  Чуулганыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газраас санаачлан зохион байгуулсан. Та бүхэндээ “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын шинэчлэлд хамтдаа” Үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийг хүргэж байна.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудал тэр дундаа хүүхдийг аливаа болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхэд, гэр бүлд ээлтэй, аюулгүй орчин нөхцлийг бий болгох асуудлаарх шинэчлэлийн энэхүү чуулганд эх нутаг, ажил мэргэжил, албан үүргээ төлөөлөн оролцож, Монгол Улсад хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, хамгаалуулах эрх нь өрх, гэр бүл, сургууль, боловсрол, нийгмийн бусад орчинд ч түгээмэл зөрчигдөж байгаад эмзэглэн, “Хүүхдэд ээлтэй засаглал 2016” хөтөлбөрийн агуулга, үзэл санааг дэмжин, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллыг хангах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болон оролцогч бүх талуудад хандан дараах ЗӨВЛӨМЖИЙГ гаргаж байна. Үүнд :

  1. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын талаарх хууль, тогтоомжуудыг амьдралд ойр, хэрэгжих боломжтой, үр дүнтэй, гол нь хүүхдийн эрх ашгийг хангасан нөхцлийг бүрдүүлэхэд чиглүүлэн боловсронгуй болгох;
  1. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын тогтолцоо, салбарын бүтэц, удирдлага, зохион байгуулалтыг нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн оновчтой хэлбэрээр шинэчлэн зохион байгуулах, хүүхдийн өмнө хүлээх төрийн байгууллагуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгох;
  2. 2014 оныг “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”  болгон зарлах;
  3. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Хүүхдийн төлөө санг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих сан болгон өөрчлөх, сангийн үйл ажиллагааг шинэ шатанд хүргэх, уг санд уул уурхайгаас оруулж буй орлогоос жил бүр 1 хувийг төвлөрүүлж, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын төлөө хөрөнгө оруулалтад зарцуулж байх;
  4. Хүүхэд бүрт ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлж, болзошгүй эрсдэл, дарамт хүчирхийллээс хамгаалах, нөхөн сэргээх, нийгэмшүүлэхэд асран хамгаалагч, иргэд, үйлчилгээ үзүүлэгчид чухал үүрэгтэйг бүрэн зөвшөөрч, хүүхдийн өмнө хүлээх бүх түвшний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага “Хүүхэд хамгааллын журам”-ыг өдөр тутам мөрддөг хэвшлийг  тогтоох;
  5. Төрийн бодлого, хөтөлбөрийг ХЭК болон бусад олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлэх, тэгш бус, ялгаатай байдлыг багасгах зорилгоор тэдгээрийг хамгийн эмзэг бүлгийн эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалахад чиглүүлж, сайтар ангилсан тоон мэдээллийн чанар хүртээмжийг сайжруулах, нөхцөл байдлын үнэлгээг тогтмолжуулах замаар хүүхдийн эрхэд хяналт тавих;
  6. Үр хүүхэд, удам судар, өрх бүлээ үеийн үед өмгөөлөн хамгаалах үндэсний уламжлалтайгаа нотолж, Өрх гэр бүлийн аюулгүй амьдралыг хамгаалахын төлөө насанд хүрэгчид үүрэг хариуцлагаа ухаарч, хүүхдийн хөгжилд хандах мэдлэг, хандлагаа эрс сайжруулан өөрчлөх;
  7. Хүүхэд бүрийг өөрийнх нь хүсэл сонирхол, хэрэгцээнд тохирсон, хөгжлийн шаталсан хөтөлбөрт хамруулах болсныг онцлон тэмдэглэж, хөгжлийн орчин бүрдүүлэх, түүнд шаардлагатай арга зүй, хөрөнгө санхүүгээр хангах, сум, хороонд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудлаар ажиллах нийгмийн ажилтан,  гэр бүл судлаач, сэтгэл зүйчийн орон тоог шийдвэрлэх;
  8. Өрхийн хөгжлийг дэмжих, гэр бүлийн боловсрол олгох тогтолцоог бий болгон хөгжүүлэх замаар ядуурлыг бууруулах, хүүхэд, гэр бүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх;

10. Төр, засгаас хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөө ажилладаг хүүхдийн байгууллагуудын ажилтнуудыг боловрол, эрүүл мэнд зэрэг бусад салбаруудын нэгэн адил үзэж, тэдний нийгмийн асуудлыг сайжруулах талаар дорвитой арга хэмжээ авахыг тус тус сануулан зөвлөж байна.