Амьдрал өрсөлдөөнтэй, алдартнуудаар тасрахгүй гэдгийг “Балдорж” шагнал харуулж байна
Монголын сэтгүүл зүйн салбарын оны шилдэг бүтээл шалгаруулах “Балдорж сан”-гийн ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ.
2012.09.19

Амьдрал өрсөлдөөнтэй, алдартнуудаар тасрахгүй гэдгийг “Балдорж” шагнал харуулж байна

Ерөнхийлөгч үгэндээ “Тэргүүн шагнал хүртсэн болон шилдэг аравт шалгарч нэр хүндтэй шагнал хүртсэн нийт сэтгүүлчиддээ чин сэтгэлийн баяр хүргэе. Намрын налгар өдрүүдэд миний бие хоёр урилга хүлээж авдаг. Нэг нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох урилга, нөгөө нь “Балдорж” шагнал гардуулах энэхүү ёслолын арга хэмжээний урилга юм. Энэ хоёр урилга миний хувьд адил тэнцүү чухал гэж боддог.

“Балдорж” шагнал нь сэтгүүлзүйн салбарын хувьд төрийн ямар ч шагналаас дутахааргүй нэр хүндтэй, сайхан шагнал болж байгааг харахад би туйлаас баяртай байна. Аливаа шагналын эздийг шалгаруулж, тодруулна гэдэг амаргүй ажил. Өмнө нь олон янзын шагнал гардуулах ажиллагаа санаачлагдаж, олон хүнийг шилдгээр тодруулаад төдөлгүй сураг тасардаг тохиолдол цөөнгүй. Харин “Балдорж” шагналын нэр хүнд улам бүр өсч, өрсөлдөөн ширүүссэн, энэ жилийн шилдэг арав, ирэх жилийн тэргүүн байрт шалгарахыг хичээдэг сайхан уламжлалтай болсон байна.

Ц.Балдоржийн нэрэмжит “Балдорж” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй бөгөөд энэ удаагийн тэргүүн байрт “Үндэсний Шуудан” сонины орлогч эрхлэгч Г.Отгонбаяр шалгарсан бөгөөд дэд байрыг МҮОНТ-ийн сэтгүүлч Д.Бямбацэцэг эзэлжээ.

Үүний нууц нь чухам юунд оршиж байна вэ гэхээр, манай сэтгүүлзүйн салбарын өдөр тутмын үйл ажиллагаа нэгэн цогц үйлдвэрлэлттэй төстэй юм. Өглөө босоод сонингоо гаргана, телевиз, радио, цахим хуудсаа ажиллуулна. Энэ нь эрчимтэй хөгжих үйлдвэрлэлтэй төстэй үйл явц юм. Нөгөөтэйгүүр энэ нь Монголын амьдралын тасралтгүй өрнөх бэлгэдэл болж байна. Монголын ард түмэнд жаргал зовлонгийн алин боловч шийдэх асуудлууд байна гэдгийг ухааруулсан тэрхүү үйлдвэрийн үнэнч ажилтнууд нь сэтгүүлчид юм. Амьдрал өрсөлдөөнтэй, алдартнуудаар тасрахгүй гэдгийг энэ шагнал нотлон харуулж байна.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд, олон жил яригдсан эрх чөлөөний тухай хуулийг бид санаачлан УИХ-д өргөн барьсан. Иймд сэтгүүлзүйн салбарын эрх чөлөөг хангаж өгөхөд энэ хууль чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна. Хэвлэлийн эрх чөлөөг боогдуулах аливаа үйлдлийг бид зогсоохын төлөө ажилладаг. Хүн бүрт өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх, өөрийгөө хамгаалах, болж байгаа үйл явдалд өөрийн гэсэн дүгнэлтээ хөндлөнгийн оролцоогүйгээр өгөх эрх бий. Энэ бол гайхамшигтай эрх чөлөө юм.

Эрх чөлөөгөө баталгаажуулах энэ хуулиа сайжруулахын тулд сэтгүүлчид, ард иргэд өөрийн санал дүгнэлтээ УИХ-ын эрхэм гишүүдэд өгөхийг хүсч байна. Энэхүү хүндтэй шагналыг санаачилсан, зохион байгуулсан хамт олон болон шагналын эзэд, сэтгүүлчдэдээ ард түмэн, Монголын төр болон хувиасаа дахин чин сэтгэлийн халуун баяр хүргэе” гээд цаашдынх нь ажил, уран бүтээлд өндөр амжилт хүслээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.