Л.Болд эхчүүдэд одон гардууллаа
Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдэд “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болж байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 229 эх Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонгоор 240 эх хоёрдугаар зэргийн одонг хүртсэнийг өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд, дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг нар гардуулан өглөө. Л.Болд нь нийслэлийн Хан-Уул, Багануур, Багахангай дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойргийн иргэдийг төлөөлөн парламентад сүүлийн дөрвөн ажиллаж байгаагийн хувьд ийнхүү төрийн одонг Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс гардуулан өгсөн юм. Тэрбээр олон хүүхэд төрүүлж, эрүүл саруул өсгөн бойжуулж буй эхчүүдэд баярын мэнд хүргэж, гэр бүлийнхээ болон улс орныхоо өмнө үнэ хүндтэй үүрэг гүйцэтгэж, ариун үйлс бүтээж байгааг нь байгааг бахархлаа.
Алдар эхийн нэгдүгээр одонг найм, хоёрдугаар зэргийн одонг зургаагаас дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд олгодог байсан бол энэ удаагийн парламент хуульд өөрчлөлт оруулж, дөрөв ба зургаагаас дээш хүүхэдтэй эхчүүдэд одон олгож, тэтгэмж өгч байхаар хуульчилсан юм.
Хан-Уул дүүргийн алдар эхчүүдэд одонг гардуулах ёслолын ажиллагаа хайр баяр бялхсан уур амьсгалд болж, энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд бага насаа эргэн дурсч, “Ээж минь зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн. Алдарт эхийн одон авчихаад баярлаж байсныг нь, мөн олон хүүхэдтэй эхийн тэтгэмжээ авах бүртээ баярладаг байсныг нь би тодхон санаж байна” гэлээ. Тэрбээр эх, хүүхэд бүгдээрээ эрүүл саруул, элэг бүтэн байхын ерөөл дэвшүүлж, улс орондоо олон сайхан иргэн бэлтгэн өгч буй ээжүүддээ баярын мэнд хүргэсэн юм.