Гэр хорооллыг Өмнөд Африкийн туршлагаар дахин төлөвлөнө
Улаанбаатар хот, тэр дундаа гэр хорооллыг дахин төлөв­лөхөд Өмнөд Африкийн тө­лөвлөлт тохиромжтой гэж үзжээ.
2013.01.07

Гэр хорооллыг Өмнөд Африкийн туршлагаар дахин төлөвлөнө

Австрали улсын “Вэйв интернэйшнл” компанийн мэргэжилтнүүд хотыг дахин төлөвлөх талаар өөрсдийн хэрэгжүүлсэн туршлагыг нийслэлийн Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн багийнханд танилцууллаа.

Тус компани инженерийн байгууламжийн зөвлөгөө өгөх, дахин төлөвлөлт хийх арга замыг тодорхойлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд бүтэц, ногоон байгууламж бүхий амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөв­лөгөөг дүүрэг, хороод тус бүрээр бүсчлэн боловсруулж, зургаан жилийн дотор хэрэг­жүүлэхээр нийслэлийн За­саг даргын 2013 оны ний­­гэм эдийн засгийн зо­рил­тод тусгасан. Энэ хү­рээнд Улаанбаатар хот, тэр дундаа гэр хорооллыг дахин төлөв­лөхөд Өмнөд Африкийн тө­лөвлөлт тохиромжтой гэж үзжээ.

Энэ талаар “Вэйв интер­нэйшнл” компанийн Монгол дахь төлөөлөгч Б.Уянгаас тодрууллаа. Тэрбээр “Бидний зорилго Өмнөд Африкийн хотоо дахин төлөвлөсөн туршлагыг Монголд хэрэг­жүүлэх, тохи­руулахдаа биш, тэдний төлөвлөлт хийсэн арга, технологиос таарч, тохирох олон давуу талыг олж харахад байгаа юм. Бид судалгаагаа Хятадад хийж үзсэн. Гэхдээ нийгмийн байдал, үзэл санаа, хэрэг­жүүлсэн арга зэрэг нь тохирохгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Харин Өмнөд Африк яг манайхтай адил ардчилсан улс.

Мөн тус улсын дахин төлөвлөлтийг 1994 оноос эхлэн хийлцэж, гар бие оролцож, тусалсан багийн гишүүд нь манай компанийн удирдлагууд байдаг. Тэд­ний богино хугацаанд, ам­жилттай төлөвлөлт хийж чадсан нууцыг өөрийн хот­доо хэрэгжүүлэх хүсэл байна. Дахин төлөвлөлтийг ам­­жилттай болгоё гэвэл бусдын туршлагыг судлах, мөн иргэдийнхээ оролцоог чухалчлан, тэдэнтэй хамт­рах хэрэгтэй.

Мэдээж цаг уур, хүн амын нягтаршил гээд Өмнөд Африкаас ялгаатай зүйл байгаа ч арга технологиос нь санаа авах зүйл их бий” гэсэн юм.