Шадар сайд хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын ээлжит 16 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо гурван өдөр үргэлжилж амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү хуралдааныг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хэсгийн дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, Оросын талаас ОХУ-ын Эрдэс баялаг, экологийн сайд, комиссын Оросын хэсгийн дарга С.Е. Донской нар тэргүүлэн ажилласан билээ.
Энэ удаагийн хуралдааны анхаарлын төвд хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компани, Улаанбаатар төмөр зам нэгдлийн үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх, газрын тосны бүтээгдэхүүнийг манай улсад найдвартай нийлүүлэх, улмаар энэ төрлийн үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэхэд ОХУ-аас дэмжлэг авах, цахилгаан эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлууд багтаж байлаа.
Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны хуралдаанаар олон чухал асуудлаар гарын үсэг зурлаа.
Хуралдаанаар хамтын ажиллагааны асуудал болоод хамтарсан үйлдвэрүүд, түлш эрчим хүч, эрдэс баялаг, газар тариалан, тээвэр барилга, байгаль орчин, боловсрол шинжлэх ухаан, хилийн шалган нэвтрүүлэх боомтын үйл ажиллагаа болон манай улсын нутаг дэвсгэр дэх Оросын үл хөдлөх хөрөнгийн асуудлаар өргөн хүрээнд ярилцан тохиролцож дэлгэрэнгүй протокол байгуулж хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурлаа.
Хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Шадар сайд “Манай Шинэчлэлийн Засгийн газар ЗГХК-ын Монголын хэсгийн үйл ажиллагааг боловсронгуй болгож, тогтмолжуулахад онцгойлон анхаарч, хамтын ажиллагаанд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх үр нөлөөтэй механизм байлгах эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийллээ.
Богино хугацаанд манай оронд айлчилсан ОХУ-ын Эрдэс баялаг, экологийн сайд С.Е.Донской нь өөрийн хариуцдаг салбаруудынхаа чиглэлээр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нартай уулзсан байна.