2012.12.21

ОХУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

 Монгол Улс, ОХУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа сүүлийн саруудад эрчимтэй  сэргэж, тэлэх болов.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад 100 гаруй хонож байгаа ч хоёр орны Засгийн газар  хоорондын комиссын хуралдааны товыг тогтоож, Улаанбаатар хотноо  хуралдаж эхэллээ.  Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд  Засгийн газар хоорондын комисс онцгой үүрэгтэй. Хойд хөршийнхөн төмөр замын төсөлд хамтран оролцох хүсэлтээ илэрхийлж, цаашид ч хөрөнгө оруулалтынхаа хэмжээг нэмэгдүүлэх сонирхолтой байна.  Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын даргаар  Шадар сайд Д.Тэрбишдагва ажиллаж байгаа. Тэрээр Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа Монголын талын комиссыг ахалж байсан  нэгэн. Түүнийг  комиссын даргаар ажиллаж байхад хойд хөрштэй эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимжиж,  хөрөнгө оруулалтыг татаж, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт оруулах тусламж, дэмжлэгийг нэмэгдүүлсэн гэдэг.

Ийм ажлын арвин туршлагатай,  ажилч хэрэгч гэж үзэн  Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын   даргаар түүнийг  томилжээ.

Тэрээр ч ажлаа мэддэг хүний хувьд  Монгол –Оросын  худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын  ажиллагааны  Засгийн газар  хоорондын  комиссын 16  дугаар хуралдааныг богино  хугацаанд зохион байгуулав.  Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаан  Улаанбаатар хотноо   хоёр  өдөр үргэлжилж дэд комиссууд  салбар тус  бүрээр  хуралдаж байна.

Энэхүү хуралдааныг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Монгол –Оросын Засгийн газар хоорондын комиссын дарга Д.Тэрбишдагва, Оросын  талаас  ОХУ-ын Эрдэс баялаг, экологийн сайд, комиссын Оросын хэсгийн дарга  С.Е. Донской нар  тэргүүлэн ажиллаж байгаа юм.

 Энэ удаагийн хуралдаанаар хоёр талын хамтын ажиллагааны асуудлын талаар хэлэлцэхээс гадна   хамтарсан үйлдвэрүүд, түлш эрчим хүч, эрдэс баялаг, газар тариалан,  тээвэр барилга, байгаль орчин, боловсрол шинжлэх ухаан, хилийн шалган нэвтрүүлэх  боомтын  үйл ажиллагаа болон  манай улсын нутаг  дэвсгэр дэх  Оросын үл хөдлөх хөрөнгийн асуудлаар  өргөн хүрээнд  хэлэлцээр хийхээр  болсон байна.  Маргааш хэлэлцээрт гарын үсэг зурах аж.