Бельги улс татвараас зугтаагчдыг талархан хүлээж авна
Францчууд өндөр татвараас зугатан Бельгийн иргэн болохоор ирвэл талархан хүлээж авна хэмээн тус улсын Гадаад хэргийн санд Дидье Рейндерс хэлжээ.
2012.12.20

Бельги улс татвараас зугтаагчдыг талархан хүлээж авна

Алдарт жүжигчин Жерар Депардьен нэгэн адилаар францчууд өндөр татвараас зугатан Бельгийн иргэн болохоор ирвэл талархан хүлээж авна хэмээн тус улсын Гадаад хэргийн санд Дидье Рейндерс өчигдөр Францын "Lе Figaro" сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ. "Франц улс Бельгийн татварын системийг сурталчилж байгаад би санаа зовохгүй байна. Цаашид ч францчууд наашаа гэвэл бид цаашаа гэхгүй. Гэхдээ тэднийг татах гэж хэзээнээс чармайсаар ирсэн гэж биднийг бодвол тэрүүн шиг худлаа зүйл байхгүй" гэж тэрбээр хэлсэн байна. Сайд мөн Бельгид ч ийм явдал тохиолддогийг тэмдэглээд "Монако юм уу, аль бага татвартай орон руу явдаг бельгичүүдийн хувьд юу боддогоо би шуудхан хэлсээр ирсэн. Гэхдээ хувь хүн рүү нь хэзээ ч дайрч байгаагүй" гэжээ.

Өөрийнх нь хэлснээр Ж.Депардье 2012 онд олсон орлогынхоо 85 хувийг татварт өгсөн бөгөөд сүүлийн 45 жилд 145 сая еврог татварт төлсөн гэнэ.

Францын алдарт жүжигчин Жерар Депардье энэ сарын эхээр Бельгид үл хөдлөх хөрөнгө худалдан авч, тус улсын иргэн болохоор завдаж байна хэмээн хэвлэлүүд бичсэн бөгөөд Францын ерөнхий сайд Жан-Марк Эйро энэ алхмыг нь "арчаагүй хэрэг" хэмээн шүүмжилсэн юм. Үүний хариуд жүжигчин хэвлэлд нийтлүүлсэн ил захидалдаа Францын харъяатаас татгалзаж байгаагаа мэдэгдээд "Харъяатаас гарсан хүмүүсийн дунд над шиг ингэж доромжлуулсан нь үгүй. Авъяас, уран бүтээл, амжилт, шулуун шударга занг ад үзэх ёстой гэж та нар боддог учраас би явж байгаа юм" гэсэн билээ.

Өнгөрсөн 10 дугаар сарын эхээр Францын парламент нэг сая еврогоос дээш орлоготой иргэдээсээ 75 хувийн татвар авах хууль баталсан юм. Энэ хуулинд Францын 1500 гаруй иргэн хамрагдаж байгаа бөгөөд нэг хүний төлөх татвар дундажаар IV. мянган еврогоор нэмэгдсэн байна. Шинэ хуулийн үр дүнд улсын төсөвт жилдээ ойролцоогоор 210 сая евро төвлөрүүлэхээр төлөвлөсөн банва.