Ирланд дахь монгол иргэдтэй уулзлаа
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн 19 дүгээр хуралдаанд Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй Монголын төлөөлөгчид амжилттай оролцлоо.
Хуралдааны үеэр сайд Л.Болд Украины Гадаад хэргийн сайд болон Ирланд, Литвийн төлөөлөгчдийн тэргүүн нартай тус тус уулзав.
Монгол Улс тус байгууллагад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
ЕАБХАБ-ыг гишүүн орнууд нь жил бүр ээлжлэн даргалдаг бөгөөд тус байгууллагыг 2011 онд Литва Улс, энэ онд Ирланд Улс тус тус даргалах бол ирэх 2013 онд Украин Улс даргалах юм.
Түүнчлэн ЕАБХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн 19 дүгээр хуралдааны үеэр тус байгууллагын отгон гишүүн Монгол Улсыг танилцуулсан фото зургийн бэсрэг үзэсгэлэн гаргав. Мөн өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд Ирланд Улсад хөдөлмөрлөж, сурч, амьдарч буй Монгол иргэдтэй уулзаж, Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газраас хилийн чанадад амьдарч буй Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийж байаа болон хийхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариуллаа.