О.Баасанхүү: Талийгаачийн асуудалд БНСУ тодорхой хариуцлага хүлээх ёстойг хэлсэн
2012.09.12

О.Баасанхүү: Талийгаачийн асуудалд БНСУ тодорхой хариуцлага хүлээх ёстойг хэлсэн

БНСУ-д хууль бусаар  ажиллаж, амьдарч байсан монгол залуу тус улсын Цагаачлалын албаныханд баригдаад байх үедээ амь насаа алдсан хэрэг гараад багагүй хугацаа өнгөрлөө. Эл  эмгэнэлт хэрэгт  хуульзүйн болон бусад туслалцаа, дэмжлэг үзүүлнэ үү хэмээн Солонгос дахь монголчууд УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хандсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор өчигдөр  16.00 цагаас УИХ-ын гишүүн О.Баасанхүү манай улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчидтэй уулзсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Талийгаач анх баригдахдаа согтууруулах ундаа огт хэрэглээгүй байсан мөртлөө архинд хордсон гэх оноштой нас барсанд ар гэрийнхэн нь итгэхгүй байгаагаа илэрхийлсэн. Энэ асуудалд ЭСЯ-ны зүгээс ямар тайлбар өгсөн бэ?

-БНСУ-д  хууль бусаар  ажиллаж, амьдарч байсан Монголын иргэн өнгөрсөн наймдугаар сарын 24-нд Цагаачлалын албаны шалгалтад өртөн баригдаж улмаар амиа алдсан. Энэ хэргийн дараа нэр бүхий зарим хүн надад хандсаны дагуу Солонгосын Элчин сайдын яамны холбогдох албаны төлөөлөгчидтэй уулзлаа. Тэдний зүгээс энэхүү хэрэг явдалд харамсаж байгаагаа илэрхийлээд бүх үйл явц хуулийн дагуу явагдсан гэдгийг албан ёсоор мэдэгдсэн.

Талийгаачийн хувьд удаан хугацааны турш согтууруулах ундаа хэрэглэж байсан нь үхэлд хүргэсэн бололтой.
-Талийгаачийн гэр бүлийнхэн түүний нас барах үеийн зураг болон бичлэгийг “но”-той байна гэж үзээд байгаа. Өөрөөр хэлбэл эвлүүлсэн байж магадгүй  гэсэн асуудал яригдаж байна. Энэ тухайд?

-Бичлэг бүрэн бүтэн, ямар ч асуудалгүй гэдгийг хэлж байна. Шаардлагатай гэж үзвэл бичлэгийг үзүүлэх боломжтойг ч уламжилсан байгаа.

-Хохирогчийн ар гэрийнхний зүгээс талийгаачийн  хоёр хүүхдийг насанд хүртэл тэжээх мөнгө нэхэмжилсэн. Үүнд ямар ямар хариу өгсөн бэ?

- Хуулийн хүрээнээс хэтэрсэн зүйл шаардаж байна гэж байсан. Хариуд нь би тэдэнд хэлсэн. Үнэхээр талийгаач та бүхний хэлж байгаагаар гадны нөлөөгүйгээр нас барсан ч байж болно. Гэхдээ танай улсын тэр газарт ороод хорвоог орхисон байна. Тэгэхээр энэ асуудалд тодорхой хэмжээгээр Солонгосын тал хариуцлага хүлээх ёстой. Өөрөөр хэлбэл, би энд зөв буруугийн тухай ярих гэж ирээгүй. Монгол хүн, танай улсын тодорхой статустай байгууллагад саатуулагдаад байх үедээ амиа алдсан байна. Тиймээс хуулийн хүрээнд авч болох бүхий л арга хэмжээг авч ажиллахыг  тэднээс хүслээ.