Иргэний бүртгэлд хамрагдаагүй бол 21 мянган төгрөг нөхөн олгохгүй
Хүний хөгжил санд 2012 онд төсөвлөсөн хөрөнгө долоодугаар сар гэхэд дууссан. Харин энэхүү санг хэрхэн санхүүжүүлэх талаар УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, тодорхой шийдэлд хүрээд байгаа. Тодруулбал, шинэчлэлийн Засгийн газраас санаачилсан 0-18 насны хүүхдүүдэд сар бүр олгох 20, Хүний хөгжил сангаас олгосон 21 мянган төгрөгөө сүүлийн сард болон огт аваагүй иргэд, “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааны үлдэгдэл 330 мянган төгрөгөө авч чадаагүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудад олгох мөнгөний эх үүсвэрийг бий болгох үүднээс 300 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон. Энэүү саналыг ирэх өдрүүдэд болох УИХ, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдэх юм.
Улмаар Нийгмийн халамж, үйлчилгээний төвийн мэргэжилтнүүдийн гаргасан судалгаа, санхүүжилтийн хуваарийн дагуу Сангийн яамнаас санхүүжилт хийх ёстой аж.
Хүний хөгжил сангаас 2011 онд 33 мянга 117, 2012 онд 83 мянга 905 иргэн 21 мянган төгрөгөө аваагүй гэсэн судалгааг холбогдох байгууллагууд гаргажээ.
Харин мөнгөө огт аваагүй иргэд шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, бичиг баримтгүй, гадаадад олон жил амьдарч байгаа гэх мэт шалтгаантай байна.
Хүний хөгжил сангийн дэвтрээ нээлгэж, мэдээллийн нэгдсэн санд орсон иргэд дахин бүртгүүлэх шаардлагагүй. Харин Хүний хөгжил сангийн дэвтэр нээлгээгүй иргэд харьяа сумынхаа Нийгмийн халамж, үйлчилгээний мэргэжилтнээр дэвтрээ нээлгэх шаардлагатай гэдгийг холбогдох байгууллагуудаас мэдээлж байна. Иргэний бүртгэл, мэдээллийн төвд тухайн хүн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан тухай мэдээлэл орсон бол төсвийн тодотголоор орж ирсэн мөнгөнөөс авах эрхтэй. Харин хурууны хээгээ өгч, бүртгэлдээ хамрагдаагүй иргэдэд мөнгө олгохгүй аж.
Гэтэл энэхүү мөнгөтэй холбоотойгоор Хүний хөгжлийн мөнгөө авахгүй бол буцаан татна гэсэн яриа иргэдийн дунд бий болсон. Энэ мэдээллийг албаны эх сурвалжууд няцааж байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн дансанд мөнгө орсон. Түүнийг нь буцааж татах эрхгүй аж.