Бонд гаргасны дараа 340 мянгыг олгоно
Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдсан. Хурлын дараа тус байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Арьс ширний үйлдвэрийг дэмжих хүрээнд 200 тэрбум төгрөгийн бонд гаргана гэж байсан. Энэ бондыг гаргах боломж бий юү?
-Арьс ширний нийлүүлэлт эхэлж байгаа энэ үед бонд гаргаж, малчдад мөнгийг нь олгочихвол үр дүнтэй. Хэрэв хавар болтол хүлээвэл ноосны мөнгийг өгч чадахгүй болсон шиг байдалд орно. Цаг хугацааныхаа хувьд одоо л чухал байна. Нөгөөтэйгүүр олон зуун тэрбумын бонд арилжаалахаар худалдаж авах иргэд, санхүүгийн байгууллага хэчнээн байна гэдэгт анхаарах ёстой.
-Бонд гаргаад байгаа хэр нь үр дүнгийн талаар ярихгүй байна гэх шүүмжлэл бий. Энэ бондын үр дүнг юу гэж харж байгаа бол?
-Эдийн засгийн зорилго дотоодын үйлдвэрлэлээ сэргээх. Энэ хэрээр борлуулалт, орлого сайжирч татварт нөлөөлөх юм. Агуулгаараа ч гэсэн адилхан.
-”Хүний хөгжил сан”-гаас өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 340 мянган төгрөгийг бонд гаргаж олохоор болсон гэсэн. Энэ мөнгийг олгоход хэдий хэмжээний эх үүсвэр шаардлагатай юм бэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настнуудад сая төгрөг олгоход өнгөрсөн жилийн төсөвт 320 гаруй тэрбум төгрөг суулгаж баталсан. Гэхдээ энэ мөнгөний зарим хэсэг нь “Хүний хөгжил сан”-гаас гарна. Дийлэнх хэсэг нь эх үүсвэргүй байгаа учраас бонд гаргахаар шийдвэрлэлээ. Нөгөөтэйгүүр энэ мөнгийг олгохдоо Монголбанкнаас 300 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан юм билээ.
Тэгэхээр оны эцэст энэ зээлийг төлөх учиртай. Зээлээ төлье гэхээр “Хүний хөгжил сан”-гийн хуульд зээл төлнө гэсэн заалт байхгүй. Тиймээс энэ заалтыг нэмэхгүй бол зээлийг нь төлөх бололцоогүй болчихсон. Ийм хоёр үндэслэлээр “Хүний хөгжил сан”-гийн хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байдалд орсон.
-Тэгэхээр зээл төлж болно гэсэн заалт оруулна гэсэн үг үү?
-Хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настнуудад өмнө өгсөн мөнгөний зээлийг төлөх гэж байгаа. Эдгээр иргэнд өгөх үлдсэн мөнгийг олгохын тулд бонд гаргах хоёр асуудал тусгаж байгаа хэрэг.
-Бондын хүү хэд байх бол?
-Арилжаагаар л шийдэгдэнэ. Бид санал болгоно. Өмнө нь гаргасан Засгийн газрын бондын хүүгийн дундаж үзүүлэлт жилийн 10-11 хувь байгаа. Тэр түвшинд худалдаалагдах байх гэж бодож байна.
-Засгийн газрын нэр дээр гарч буй бондын хэмжээ хэд болсон бэ?
-Төсвийн хязгаарт тавьсан хэмжээндээ байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хүрээнд хязгаар тавьж өгсөн юм. Арьс шир, “Хүний хөгжил сан”-д зориулан гаргах бондыг хэдий хэмжээгээр арилжаалснаас хамаарч оны эцэст дотоодын зах зээл дээр нийт хэчнээн хэмжээний төсвийн өр үүсээд байгааг мэдээлнэ.
-”Хүний хөгжил сан”-гийн үлдэгдэл мөнгийг шинэ оноос өмнө өгнө гэж байсан. Иргэдийн дунд нэлээн хүлээлт үүсээд байх шиг байна?
-Бонд гаргачихвал өгнө. Гаргаж чадахгүй бол өгч чадахгүй байх.