Засгийн газраас эвслийн сайд нар гарахад улс төрд нэг их доргион үүсэхгүй
УИХ-ын гишүүн Н.Энхболд
2012.12.12

Засгийн газраас эвслийн сайд нар гарахад улс төрд нэг их доргион үүсэхгүй

УИХ-ын гишүүн Н.Энх­­болдтой ярилцлаа.

-Сүүлийн үед пар­ламентад суудалтай намууд хоорондоо нэг­дэн, нийлэх тухай ярих боллоо. Тэр дунд танай намыг МАХН-тай нэгдэх гэж байгаа гэж сон­сог­дох юм?

-Нам нийлэх, нэгдэх тухай асуудал дээр аль ч намын зүгээс албан ёсоор санал гаргасан зүйл байхгүй. Ер нь то­дор­хой асуудал дээр аль нэг намтай бүлэг бай­гуу­лах, бондын зар­цуу­лалт, гишүүдийн тангараг өр­гөх, эсвэл орон нутгийн сон­гуулийн үр дүнгийн да­раахь асуудлаар хамт­ран ажиллаж болно шүү дээ. Манай намын хувьд бие даасан гишүүдийн зүгээс "Ийм болбол ямар байна" гэж санал тавьсан зүйл бол бий. Энэ асууд­лаар бидэнтэй уулзсан нь ч байгаа.
Гэхдээ эвсэх, хамтрах тухай асуудлыг нь нэг, хоёр хүн эсвэл бүлэг дан­гаар шийдэхгүй. Үүнийг намын албан ёсны бай­гуул­лагын хурлаар ярьж шийддэг болохоос бус нэг удаагийн сэтгэлийн хөдөлгөөнөөр, цөөн хэ­дэн хүн сууж байгаад шийддэггүй юм шүү дээ.
Онолын хувьд бол олон нийтийн эрх ашгийн үүднээс улс төр, эдийн засгийн тодорхой асуу­дал дээр хамтарч болно гэдгийг бас хэлэх хэ­рэг­тэй.

-Тэгвэл "МАН, МАХН нийлж бүдүүн бүлэг бай­гуулах гэнэ" гэсэн яриаг та үгүйсгэхгүй нь ээ?

-Тийм асуудал байх­гүй. Энэ талаар хэн ч, хаана ч яриагүй. Онолын хувьд байж болох ч өнөө­гийн манай нөхцөл бай­дал, урьд өмнөх үйл явд­луудыг харахад лав л манай намын зүгээс тийм асуудал огт гараагүй гэд­гийг хэлэх байна.

-МАХН-аас МАН-ыг өөрийнхөө "өвөрт" оруул­на гэсэн мес­се­жийг тарааж байна гэ­сэн. МАН МАХН руу очих магадлал бий юу?

-Тийм шийдвэр гар­сан гэж сонсоогүй юм бай­на. Харин МАХН-ыг Зас­гийн газрын бүрэл­дэ­хүү­нээс гарна гэсэн мэдээлэл байсан шүү. Гэхдээ өнөөд­рийг хүртэл би МАХН-аас гаргасан албан ёсны бичиг ба­рим­тыг үзээгүй байна.
Хувь гишүүний байр сууринаас ажиглахад нэ­гэнт эвсэл болоод сонгуульд орж, УИХ-д эвс­лийн бүлгийг бий бол­го­сон ийм бүтэц тарж бут­рахад тийм ч амар биш.
Ер нь товчхон хэлэхэд өнөөдрийн Засгийн газ­рын бүрэлдэхүүнд эвслээс багтсан сайд нар гарлаа гэж бодоход улс төрд нэг их доргион үүсэх­гүй болов уу гэж харж байна.

-МАХН Засгаас гарна гэсэн мэдэг­дэл­тэйгээ зэрэгцүүлэн МАН-ын удирдла­гуу­дыг АТГ-т шалгуулна гэсэн. Тэдгээр хүмүүс нь бүгд танай намын лидерүүд байна лээ?

-Манайд тэр Гүйцэтгэх товчоо ч бил үү дээ, түү­нээс нь ямар нэг албан ёсны бичиг ирээгүй. Тэр шийдвэр, материа­луу­даас нь нүдээр олж үзсэн зүйл байхгүй байна. Зөв­хөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр л тийм зүйл яваад байгаа шүү дээ.
Ер нь тэр хүмүүс дот­роо юу ярьж, ямар шийд­вэр гаргах нь өөрсдийнх нь асуудал. Гэхдээ миний мэдэхийн манай намын түүхэнд "Бид тэр намын, тийм улстөрчдийг шүүх цагдаад өгнө" гэж намын шийдвэр болгон ярьж байс­ныг мэдэхгүй байна. Тэд өмнө нь ч Их ху­рал­дай гэгч зүйлийг хийн, баахан хүмүүсийг оли­гархи гэж жагсаан, цагдаа шүүхэд өгнө гэж байсан. Тиймээс энэ бүхнээс ха­рахад энэ нь МАХН-д тогтож байгаа жишиг эс­вэл ажлын арга барил юм уу даа.

-Ийм мэдэгдэл хийс­нээр танай намын удирдлагуудын нэр хүн­дэд тодорхой хэм­жээгээр нөлөөлж бай­гаа болов уу. Тиймээс танай намын зүгээс үүнд хариу үйлдэл хийхүү?  

-Албан ёсны зүйл би­дэнд өгөөгүй учир тийм зүйл хийхгүй. Хэрэв үнэхээр тухайн намын улс төрийн шийдвэр нь нөгөө намынхаа нөхдүү­дийг шоронд хийх асуу­дал болж таарах юм бол бид ч гэсэн албан ёсоор байр сууриа илэрхийлж таарна.

-МАХН-ын гишүүд дар­гынхаа шүүх хур­лын шийдвэрт нө­лөөлөхийн тулд засгаас гарах тухай мэдэгдлийг хийсэн. Ер нь засгийн эрхэнд байгаа намын хувьд олон нийтийн бус нэг хүний эрх ашгийн төлөө ажиллаж байгаа нь хэр зүй зохистой үйлдэл юм болоо?

-Урьд өмнө нь нэг эсвэл цөөн хэдэн хүнийг тойрсон намууд үйл ажил­лагаагаа явуулж, богино хугацаанд түр зуурын амжилтад л хүрч байсан. Түүнээс бус Мон­гол Улсын нийгэм, улс төрийн амьдралд бүхэлд нь, урт хугацаагаар нө­лөөлөхөөр зүйл болж байгаагүй. Энэ удаагийн үйл явдлын эцсийн үр дүн ч тийм л байх болов уу даа.
Ер нь цаашид ийм байдлаар үйл явц өр­нөөд байвал үзэл бод­лоороо нэгдэж, улс орон, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө явдаг нам гэх ойлголт их өөр болоод ирэх байх гэж би хардаг.

-Сүүлийн үед МАН МАХН нийлнэ, АН, МҮАН нэгдэнэ. Тэгээд бие даагчдадаа өөрс­дөдөө урвуулахаар ярьж байгаа гэх мэдээ­лэл чих дэлсэх боллоо. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Тийм яриа явж бай­гаа, түүнээс өөр нь ч явж л байгаа. Эдгээрээс хү­мүүст сонсогдохдоо аль болох задарч, бутарна гэсэн талаас нь илүү хүрч, түүнийгээ ярьж байх шиг байна.
Үүний нөгөө талд нэг тайлбар явж байгаа. Ту­хайлбал, хүмүүсийн ярьж байгаачлан эвсэл за­дар­санаар Засгийн газрын тухай асуудал бүхэлдээ яригдахгүй шүү дээ. Өмнө нь МАН, АН-ын Засгийн газарт хамтарч байгаад АН гарангуут Засгийн газар хэрхэн эмхлэгдсэн билээ. Гарч явсан сайд нарын оронд шинээр то­милоод л явсан шүү дээ.
Өнөөдрийн байдал ч энэ л зохицуулалтаар явна. Энэ талаас нь аваад үзэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, АН-д эрх мэдэл нь байгаа энэ үед дээр хэлж буй то­хиолдлууд гарах магад­лал туйлын бага шүү дээ.

-Өнөөдөр (өчигдөр) та АН, "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга нартай уулзсан гэсэн. Гишүүдийн тангараг өр­гөх болон бүлэг бай­гуулах асуудлаар на­мууд тохиролцож бай­гаа гэсэн. Энэ талаар уулзсан юм уу?

-Манай намын бүл­гээс УИХ-ын сонгуулиас хойш бий болсон нөхцөл байдал, сонгогчдынхоо хаан сонголтыг хүндэтгэж тангараг өргөн үйл ажил­лагаагаа явуулж байгаа гишүүдээрээ оролдохгүй байх, УИХ-ын Дэгийн ту­хай хууль нэмэлт, өөрч­лөлт оруулах тухай зэрэг хэд хэдэн асуудлыг иж бүрнээр нь сайн ярилцъя, санаачилга гаргая шийд­сэн. Ингэхдээ ажлын хэсэг гаргах, эсвэл өөр нэг зо­хистой хэлбэрээр шийдье гэж ярилцсан.

Өнөөдөр Д.Эрдэнэбат, Н.Батцэрэг дарга нартай уулзаж, бүл­гийн шийдвэрийг хэлж, санал солилцсон

Гэхдээ үүнийг нэгэнд нь барьцалдуулаад гэж хэлэхэд хаашаа юм. Гэх­дээ багцаар нь ший­дэх­гүй бол төрийн ажил энэ мэт зогсонги байдалтай байж болохгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Үүний дагуу өнөөдөр би Д.Эрдэнэбат, Н.Батцэрэг дарга нартай уулзаж, бүл­гийн шийдвэрийг хэлж, ийм байдлаар шийдэх боломжтойг санал бол­госон юм.

-Бүлгийн дарга нар ямар хариу өгөв?

-Аль аль нь ярилцах, зөвшилцөх нь зүйтэй, том эрх ашгийнхаа үүднээс эдгээр асуудлуудаа ярих нь зүйтэй гэж хариу хэлсэн. Тэд бүлэг дээрээ тус тусдаа яриад эргээд хариу хэлэх болов уу.
Ер нь бодоод үзэхэд сонгууль болсноос хойш УИХ-ын үйл ажил­лагаа үнэхээр сэтгэлд хүрэхгүй явж байгаа. Анх­наасаа л мордохын хаз­гай эхэлсэн маргаан, түү­нээс үүдэлтэй уур амьсгал одоо болтол байсаар бай­на. Нэг талаас үзэхэд Засгийн газар байгуу­лагдаад 100 хонож бай­на, УИХ эмхлэгдээд анх­ны чуулганаа ч дуус­гаа­гүй байна. Ард зөндөөн их хугацаа бий л дээ.
Гэхдээ нөгөө талаас нь бодохоор энэ хооронд бид амжуулж болох олон зүйлийг улс төрийн мар­гаан, сөргөлдөөний ул­маас шийдэж чадсангүй. Энэ байдлаар цааш явах нь хэнд ч ашиггүй. Тэр тусмаа МАН-д ашиггүй гэж бид үзсэн. Үүний гарц нь ярилцах, ойлголцох, асуудлыг аль болох хур­дан шийдэх гэж ойлгож байгаа. Гэхдээ үүн дотроо улайм цайм барь­цаа­лаад, үүнийг шийдэхгүй бол түүнийг чинь гацаана гэж тулгаад байгаа юм байхгүй. Гэхдээ цаана нь үүнд нөлөөлж байгаа уур амьсгал хэдийгээр ил тод ярихгүй байгаа ч тодор­хой хэмжээгээр байгааг гэдгийг хэлэх хэрэгтэй.
Тухайлбал, гишүүний тангараг өргөх асуудал дээр таван хүн бий. Тэдгээрээс хоёр нь ямар ч маргаагүй буюу манай хоёр эмэгтэй гишүүн бай­на. Тэдний тангаргийг өргүүлье хэмээн эрх ба­ригчдын зүгээс са­наа­чилга гаргаж хэлэлцэх боломж бүрэн бий. Гэтэл яагаад заавал тавуулаа хамт өргөх ёстой гээд байгаа юм.
Өвөрхангайн асууд­лаар бидний байр суурь эхлээд ямар байсан одоо яг л тийм байгаа. Ард түмний сонголтыг хүндэт­гэж, бүгдийг хуулийнх нь дагуу явуулъя гэсэн байр сууринаасаа буцаж эр­гээгүй.
Тав дахь гишүүнтэй холбоотой асуудал нь хэдийгээр УИХ-д өргөн баригдчихсан байгаа ч нам дотроо хуулийн дагуу шийдэх ёстой, үүнд улс төр орсон байна хэмээн маргаж байгаа учир хойш тавьсан.
Энэ бүхнийг бодол­цоод манай хоёр ги­шүү­ний тангаргийг өргүүлж болохоор байгаа юм. Гэвч өнөөдрийг хүртэл бай­саар л байна.
Бүлгийн асуудлыг ч бид олон ярьсан. Дахин дахин яриад яахав. Энэ бол сонгуулийн үр дүнд бий болдог бүтэц. Үүнийг Сонгуулийн тухай хууль, парламентат ёсны үнд­сэн мөн чанар талаас нь харсан ч энэ нь цэвэр улс төрийн шалтгаантай. Өөр шалтгаан байхгүй. Энэ бүхнийг хуулийн дагуу, шударга, ёс зүйтэй, хүн­дэтгэлтэй хандаж шийдье хэмээн бид санаа­чилга гаргаж байгаа юм.