Ирэх жил хөдөө орон нутагт электрон биржийг байгуулна
Ямар өнгөтэй дипломтой вэ гэж хардаг цаг ард хоцорсон. Юу хийж чаддаг, ямар чадамжтай мэргэжилтэн бэ гэдгийг үнэлдэг болсон. Тиймээс дипломтой болох биш чадамжтай болохын төлөө зүтгэх хэрэгтэй гэж “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Шинэчлэлийн Засгийн газраас сар бүрийн 2 дахь долоо хоногийн 2 дахь өдрийн 14 цагаас уламжлалт болгон зохион байгуулдаг иргэдээ сонсож, тэдний саналыг шийдвэртээ тусгах зорилго бүхий “Шинэчилж шийдье-222” дөрөв дэх удаагийн хэлэлцүүлэг “Баялгийг бид бүтээнэ” гэсэн нэрийн дор Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш оюутнууд, мэргэжлийн холбоодын төлөөлөл, ажил олгогч компани, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд оролцсон юм.
Шинэчлэлийн Засгийн газар “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ дөрвөн жилд 150 мянган ажлын байр бий болгох зорилт тавьж ажиллаж байгаа. 21 аймагт хөдөлмөр эрхлэхэд зуучлах төв байгуулсан, нийслэлийн 9 дүүргийн 150 хороонд электрон бирж байгуулсан, ирэх жилээс ийм биржийг хөдөө сумдад байгуулахар бэлтгэж байгаа талаар Хөдөлмөрийн сайд Санжмятав хэллээ. Хөдөлмөрийн насны залуучууд хөлсний ажил хийхээр гадаадыг зорьдог, мөн гаднаас хямд ажиллах хүч авдаг урсгалыг таслан зогсоохын төлөө Хөдөлмөрийн яамыг байгуулсан. Монгол хүн эх орондоо ажилтай, орлоготой сайхан амьдрах учиртай гэж тэрбээр хэллээ.
Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 50, хувийн өмчийн 29 сургалтын төвд 50 мянга гаруй хүүхэд, залуус сурч байгаа. Төгсөгчдийг ажлын байраар хангах, аж ахуйн нэгж, компаниудаас ажлын байрны захиалга авч, энэ эрэлтийн дагуу элсэлтээ авдаг болоход ирэх жилээс анхаарна. Мэргэжлийн зэрэг, түвшнийг үнэлдэг тогтоолцоо бий болгохоор зорьж ажилаж байгаа талаар Хөдөлмөрийн яамны харъяа Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын дарга М.Жадамбын илтгэлд дурдагдаж байлаа.