Ажилгүйчүүдийн тоо 35.7 хувиар буурчээ
Үндэсний статистикийн хорооноос өчигдөр арваннэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа.
2012.12.11

Ажилгүйчүүдийн тоо 35.7 хувиар буурчээ

Улсын хэмжээнд 2012 оны эхний 11 сард 68327 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 68618 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 3660-аар, хүүхдийн тоо 3708-аар тус тус нэмэгдсэн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 40.3 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 22.4 мян.хүнээр буюу 35.7 хувиар буурчээ.

Харин гэмт хэргийн хувьд өмнөх оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлттэй гарсан байна. Тодруулбал, улсын хэмжээнд 2012 оны эхний 11 сарын байдлаар 20133 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2542-оор буюу 14.5 хувиар өсчээ. Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 7628 хүн гэмтэж, 852 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 334 буюу 4.6, нас барсан хүний тоо 19 буюу 2.2 хувиар буурсан байна.

Хэрэглээний үнийн улсын индекс арвандүгээр сард өмнөх сарынхаас 0.2 хувь, оны эхнээс 13.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 14.4 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Мөнгөний нийлүүлэлт 7033.2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 99.4 тэрбум төгрөг буюу 1.4 хувиар буурсан байна.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 6867.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1429 тэрбум төгрөг буюу 26.3 хувиар өсчээ. Харин банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 298.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 44.7 тэрбум төгрөг буюу 13 хувиар буурчээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн нийт хэмжаэ 4322 тарбум төгрөг,  зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5028.8 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 706.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан аж.
Нэгдсэн төсвийн урсгал 4283.4 тэрбум төгрөг, урсгал зардал 3828.8 тэрбум төгрөг болж, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 454.6 тэрбум төгрөгийн ашигтай гарав. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 536.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 214.4 тэрбум төгрөг буюу 54.8 хувь, дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 188.2 тэрбум төгрөг буюу 14.7 хувь, бусад татварын орлого 94.8 хувь буюу 16.6 хувь, орлогын албан татварын орлого 30.9 тэрбум төгрөг буюу 4.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Манай улс энэ оны эхний 11 сард дэлхийн 137 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10298.9 сая ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 4029.9 сая ам.доллар, импорт 6269.1 сая ам.доллар болжээ. Гадаад худалдааны тэнцэл 2239.2 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 534.5 сая ам.доллараар өсчээ. Үүнд импортын өмнөх оны мөн үеийнхээс өссөн өсөлт экспортынхоос 10.6 хувиар илүү байгаа нь нөлөөлсөн байна.

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 1996.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 134.2 тэрбум төгрөг буюу 7.2 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд зэс, молибдений баяжмал, металл агуулгаараа, алт, цайрын баяжмал, хайлуур жоншны баяжмал, төмрийн хүдэр, газрын тос зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.3-44.6 хувиар нэмэгдсэн.

Мөн хиаман төрлийн бүтээгдэхүүн, нарийн боов, сүлжмэл эдлэл, зүсмэл материал, архи, металл цувимал, талх, гурил, хивс, цэвэр ус, малын тэжээл,. цахилгааны утас, металл бэлдэц, шар айраг, шингэн сүү, бетон зуурмаг, шахмал түлш, шавардлагын зуурмаг, бетон дэр зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.6-4.4 хувь нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.