Я.Санжмятав: Англи хэлтэй мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай байна
Нээлтийн ажиллагааны үеэрХөдөлмөрийн сайд Я.Санжмятаваас зарим зүйлийг тодрууллаа.
-«Оюу толгой» компанийн хөрөнгө оруулалтаар таны сурч төгссөн сургуульд өргөтгөл, оюутны дотуур байр барьсан байна. Багш, оюутнууддаа хандаж юу гэж хэлэх вэ?
-Дархан-Уул аймаг дахь Политехникийн коллежийн бүтээгдэхүүн болох мэргэжилтнүүд Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж байна. «Оюу толгой» компани магадгүй, үүнийг анзаарч, энэ том айл руу хөрөнгө оруулалтаа чиглүүлсэн байх.
Харин аливаа дэмжлэг туслалцааг авч байгаа хүн хариуг нь сайн барих хэрэгтэй. Тиймээс Оюу толгойн хөрөнгө оруулалтаар сүндэрлэн босч буй МСҮТ, мөн техник технологио шинэчилсэн, хичээлийн байр, оюутны байрныхаа өргөтгөлийг хийсэн коллежууд орчин үеийн техник дээр төвөггүй ажилладаг, гадаадын мэргэжилтнүүдтэй хэл амаа ололцдог сайн мэргэжилтэн бэлтгэж, тус уурхайд илгээх хэрэгтэй байна.
-«Оюу толгой» компанийн баяжуулагчид энэ коллежоор бэлтгэгдэх нөхцөл нь бүрдлээ?
-Тийм ээ. Хамгийн гол нь, оюутнууд маань идэвхтэй сайн суралцах хэрэгтэй. Оюу толгой уурхай дээр 40-өөд баяжуулаг-чийг бэлтгэн, ажиллуулж байна. Түүнээс шалгарсан 10 хүүхдийг АНУ-д сургалтад хамруулсан.
Коллеж, МСҮТ-үүдэд өмнө нь тухайн мэргэжлийнхээ 70 орчим хувийг онолоор үздэг байсан.
Одоо үйлдвэрлэл дээр ажиллах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлого баримтлан ажиллана.
Ер нь тааралдсан дээд сургуулиа өөрийн сонирхолгүй мэргэжлээр төгсөж, ажлын байргүй суудаг байдал өөрчлөгдөж байна. Тиймээс ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд МСҮТ, коллежид элсэх оюутны тоо цаашид ч нэмэгдэх байх.