Засгийн газрын 100 хоног- Барилга, Хот байгуулалтын яам
Барилга, Хот байгуулалтын яамны сайд Ц.Баярсайхан Шинэчлэлийн засгийн газар байгуулагдсаны 100 хоногийн хугацаанд өөрийн яамны хийсэн ажлыг танилцуулав
2012.11.29

Засгийн газрын 100 хоног- Барилга, Хот байгуулалтын яам

Шинэчлэлийн засгийн газар байгуулагдсаны 100 хоногийн хугацаанд барилга, Хот байгуулалтын яамнаас Хийсэн ажлын мэдээлэл

 Нэг. Салбарын бодлогын чиглэлээр:

 “Газрын шинэтгэлийн үндэсний хороо”-г Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор байгуулав.

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг  боловсруулах ажлыг нийлэлийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байна.

“Барилгын тухай хууль”-ийн үзэл баримтлал, нэмэлт, өөрчлөлтийг боловсрууллаа.

 “Хот байгуулалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Хотыг дахин хөгжүүлэх тухай” “Ногоон байгууламжийн тухай хууль”, “Авто зогсоолын тухай хуулийн төслүүдийг тус тус шинээр боловсруулж байна.

Мөн “Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн тухай” хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулж байна.

Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай, Геодези, зураг зүйн тухай, Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг батлуулан, түүний дагуу боловсруулсан хуулийн төслийг Өдрийн сонины 2012 оны 11 дүгээр сарын 28-ны дугаарт нийтлэн олон нийт, иргэдээс санал авч байна.

“Барилгын зарим материал, зарим үйлдвэрийн тоног төхөөрөмж, түүхий эдийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төсөл боловсрууллаа.

Мөн үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бодлогын хүрээнд “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтанд өөрчлөлт оруулж, импортын зарим барилгын материалын гаалийн албан татварыг нэмэх тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулав.

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан иргэдийг орон сууцжуулах, ипотекийн зээлийн тогтолцоог бий болгох ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороог Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор байгууллаа. Уг хорооны дэргэд ажиллах Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо, зээлийн механизмыг шинэчлэх, Орон сууцны шинэ хотхон, хороолол барих, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөх ажлыг зохион байгуулах, Гэр хорооллыг барилгажуулах ажлыг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгүүдийг Ерөнхий сайдын 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 62 дугаар захирамжаар байгуулан ажиллаж байна.

 “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулж, ЗГХЭГ-т 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1/653  тоот албан бичгээр хүргүүлэв.

Засгийн газрын 2012 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанд барилга, хот байгуулалтын салбарын 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын явцын талаар танилцуулж, хуралдааны тэмдэглэл гаргуулав.

ЗТБХБ-ын сайд (хуучин нэрээр)-ын 2010 оны 155 дугаар тушаалаар баталсан “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын  дүрэм”-д заасны дагуу  аймаг, нийслэлийн ерөнхий архитекторуудын 2011 оны ажлын тайланг нэгтгэн, тус дүрмийг хэрэгжүүлэх талаар зохион байгуулсан ажил, арга хэмжээ, тэдгээрийн хэрэгжилт, үр дүнг дүгнэн цаашид анхаарч ажиллах асуудал болон санал зөвлөмжийн хамт боловсруулж, дүнг БХБ-ын сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Шинэчлэлийн засгийн газар байгуулагдсаны 100 хоногийн хугацаанд барилга, Хот байгуулалтын яам хийсэн ажлын мэдээллийг сайд Ц.Баярсайхан танилцуулав

Энэ ажлын хүрээнд салбарын 10 гаруй хууль, тогтоомжийн төслийг шинээр болон шинэчлэн боловсруулж батлуулах, барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орон сууцны талаар баримтлах бодлогыг тодорхойлох  зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлэх болно. 

АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй “Албадан нүүлгэн шилжүүлэлтийн үеийн хууль эрх зүйн орчны шинэчлэл” (ТА 7566-REG) дэд төслийн хүрээнд боловсрогдож байгаа “Газар албадан чөлөөлөх тухай” хуулийн төслийн шинэчилсэн хувилбарыг 2012 оны 09 дүгээр сарын 14-нд төрийн болон төрийн бус байгууллага, ард олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж санал, зөвлөмж, шүүмжийг авч хуулийн төсөлд тусгасан.

Мөн уг төслийн 1-р үе шат дуусаж байгаатай холбогдуулан АХБ-ны төв оффисын төсөл хариуцсан мэргэжилтэн Скотт Фергусон хүрэлцэн ирж уулзалт хийсэн бөгөөд энэхүү төслийн 2-р үе шатыг үргэлжлүүлэх талаар БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болон АХБ-ны суурин төлөөлөгч Роберт Шоелхаммер нар 2012 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажлын хүрээнд:

-       Газрыг бүх төрлийн зориулалтаар олгохдоо тухайн газар нутгийн стандарт шаардлагад нийцсэн инженерийн шийдэл, эдийн засгийн өгөөж, нийгмийн харилцааны хөгжилд чиглэсэн техникийн шийдэл бүхий бизнес төлөвлөгөө, төслийг үндэслэн гэрээ байгуулдаг байх,

-       Гэрээний хэрэгжилтэнд мониторинг хийж, газрыг эдийн засгийн болон эрх зүйн зохицуулалттай болгох,

-       Төрийн зүгээс төлөвлөлтөөр тухайн нутаг дэвсгэрийн хил дотор явуулдаг үйл ажиллагааг тодорхой болгож хуульчлах, эргэлтэнд оруулахын өмнө шаардлагатай инженерийн болон нийгмийн дэд бүтцийг барьж байгуулсан байх,

-       Нэгэнт бэлэн болсон менежментийн бүс газар нутгийг цахим орчинд ил тод тавьж иргэд, байгууллага /төрийн байгууллагын үүдэнд дугаарлан зогсохгүй, авлига, хээл хахуульгүй болгох/ цахим иргэний үнэмлэхээрээ бүртгүүлж, шуудангаар газрын гэрчилгээг авдаг болох зэрэг зарчмуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

                 Улс орны бүхий л салбарт ашиглагддаг 1:100 000-аас илүү нарийвчлалтай байр зүйн зургийг Батлан хамгаалах болон нийтийн хэрэгцээний зориулалтаар гэсэн 2 ангиллаар үйлдвэрлэх,  эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт байр зүйн зургийг суурь материал болгон ашиглуулах нөхцлийг бүрдүүлээд байна.

                 “Хаягжуулалтын тухай” хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд хаягжуулалтын элемент, дугаарлалтын шийдлийг гаргав. 

Геодези, зураг зүйн салбарын хэмжээнд сүүлийн 42 жилийн хугацаанд хийсэн ажлаа үнэлж дүгнэсэн, цаашид хийх үйл ажиллагааны чиглэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлсон “Геодези, зураг зүйн салбарын ажилтны анхдугаар зөвлөгөөн”-ийг төрийн болон хувийн хэвшлийн 220 гаруй төлөөлөгчдийг оролцуулан зохион байгуулж "Геодези, зураг зүйн талаар төрөөс баримтлах бодлого", "Геодези, зураг зүйн салбарыг 2013-2020 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн төслүүдийг хэлэлцүүлэн, гарсан саналуудыг тусган боловсрууллаа.

Улсын төсвийн хөрөнгөөр Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн эргэлтийн цэгийг солбицолжуулах, баталгаажуулах ажлын хүрээнд 5 аймагт шалгалт хийлээ.

Инженерийн мэргэжлийн төрлөөр орон тооны бус мэргэжлийн зөвлөл ажиллуулах дүрэм”-ийг шинэчлэн боловсруулж, БХБСайдын 2012 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 58 дугаар тушаалаар батлаж мэргэжлийн зөвлөл тус бүрийн гишүүдийн нэрсийг хамт батлан, тушаалыг хавсралт материалын хамт Барилгын хөгжлийн төвд хүргүүлэн биелэлтийг хангуулан ажиллаж байна.

БХБСайдын 2012 оны 10 дүгээр сарын 29-ний өдрийн 39 дугаар тушаалаар “Барилгын ажлын инженер хайгуулын судалгаа. Газар хөдлөлийн бичил мужлал. Ажил гүйцэтгэх дүрэм./БД11-108-11/; “Барилгын ажлын инженер хайгуулын судалгаа, Газар хөдлөлийн бичил мужлал. Ажил гүйцэтгэхэд тавигдах техникийн шаардлага”/БД11-109-11/; “Барилгын ажлын инженер хайгуулын судалгаа, Геофизикийн ажил гүйцэтгэхэд тавигдах техникийн шаардлага. Чичирхийлэл хайгуул.”/БД11-109-11/-барилгын дүрмүүдийг тус тус батлуулж барилгын зураг төсөл, инженер геологийн судалгааны ажилд  мөрдүүлэхээр ажиллаж байна.

Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын сайдын 2012.11.15 –ны өдрийн 49 дүгээр тушаалаар Төрийн бус байгууллагад шилжүүлж, аливаа чирэгдэл, хүнд суртлыг багасгах, авлига үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа.

Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тээвэр ложистикийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж байна.

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд хот байгуулалт, барилгын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, тогтоолын хавсралтад заагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх,  хөтөлбөрийн хүрээнд цаашид  авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах салбар дундын ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Эрчим хүчний сайд, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 32/13/33/А/657 дугаар хамтарсан тушаал, захирамжаар байгуулан ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гаргуулж, Улаанбаатар хот, аймаг, орон нутагт баригдах орон сууцны хотхон, хорооллын инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажлын жагсаалт болон дэд бүтцийг барих хөрөнгийг Хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгүүлэх болно.

Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар татан буугдсантай холбогдуулан “Барилгын хөгжлийн төв” байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан яамдын саналыг авч, Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэв. 

“Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын орон тооны дээд хязгаар батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөлд яамдаас санал авч нэгтгэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэн мөн өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. 

“Агентлагийн орон тооны дээд хязгаар батлах тухай” Засгийн газрын 2012 оны 43 дугаар тогтоолыг үндэслэн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17 тоот тушаалаар батлуулав.

“Хот байгуулалт, барилгын зураг төслийн институт” улсын үйлдвэрийн газрын  тухай Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулан, Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 09-р сарын 13-ны өдрийн 1/146 тоот албан бичгээр  яамдаас санал авч, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэн, Засгийн газрын 2012 оны 09-р сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, 47 дугаар тогтоол гаргуулав.

Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн төслийг боловсруулж, Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 63 тогтоолоор батлуулав. 

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Цэвэр агаар төслийн хүрээнд “Боломжийн өртөгтэй орон сууцны стратеги” боловсруулах техникийн туслалцааны зөвлөхийн үйлчилгээг санхүүжүүлэхээр шийдвэрлэсний дагуу Дэлхийн банкны Эрчим хүчний салбарын координатор, БНХАУ, Монгол Улсыг хариуцсан эрчим хүчний ахлах мэргэжилтэн ноён Гайлиус Ж.Драугелис-тэй 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр яамны холбогдох удирдлагууд уулзан санал солилцож, хамтран ажиллахаар тохиролцлоо.  

Хоёр. Салбарын зохицуулалтын чиглэлээр

 “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “Төрийн албан хаагчдын орон сууц” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг нэгтгэн гаргаж 2012 оны 09 дүгээр сарын  12-ны өдрийн 1/96 тоотоор Засгийн газарт хүргүүллээ.

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах үүднээс Улаанбаатар хотын YII, МҮОНРТ-ын орчмын орон сууцны хорооллын 2 дахь ээлжийн инженерийн шугам сүлжээ барих, YII хороололд 72 айлын  орон сууцны 26 барилга барих газрын зөвшөөрөл олгох асуудлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид уламжлаад байна.

Баруун бүсэд “Аймаг дундын отрын бүс нутгийн зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл болон дотоодын цэргийн анги, салбарууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харъяа газруудыг “Батлан хамгаалах аюулгүй байдлыг хангах зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг боловсруулж батлуулахаар ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дүгээр Захирамжаар байгуулагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдэнд үзүүлэх боловсрол, эрүүл мэндийн болон бусад үйлчилгээг шинэ шатанд гаргах асуудлаар санал боловсруулж, холбогдох шийдвэрийн төсөл бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хуралд оролцож, тус яамны чиглэлээр хийсэн ажлын талаар мэдээлэл хийж, цаашид хэрэгжүүлэх ажлын саналыг танилцууллаа.

АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй “Албадан нүүлгэн шилжүүлэлтийн үеийн хууль, эрх зүйн орчны шинэчлэл” /ТА 7566-REG/ дэд төслийн хүрээнд  “Газар албадан чөлөөлөх тухай” хуулийн төслийн шинэчилсэн хувилбарын талаар 2012 оны 09 дүгээр сарын 14-нд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж тэдний санал, зөвлөмж, шүүмжийг авч тусгав.

Мөн уг төслийн 1-р үе шат дуусаж байгаатай холбогдуулан АХБ-ны төв оффисын төсөл хариуцсан мэргэжилтэн Скотт Фергусон хүрэлцэн ирж уулзалт хийсэн бөгөөд энэхүү төслийн 2-р үе шатыг үргэлжлүүлэх талаар БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнбүрэн АХБ-ны суурин төлөөлөгч Роберт Шоелхаммер нар 2012 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурлаа.

 “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтанд өөрчлөлт оруулж, импортын зарим барилгын материалын гаалийн албан татварыг нэмэх тухай УИХ-ын тогтоолын үзэл баримтлалыг батлуулахаар Хууль зүйн Сайд Х.Тэмүүжин, Сангийн Сайд Ч.Улаан нарт албан бичгээр хүргүүлэв.

Сангийн Сайд энэ асуудлыг зарчмын хувьд дэмжсэн бөгөөд барилгын материалын өнөөгийн хангалтаас шалтгаалан шийдвэрлүүлэх асуудлыг түр хойшлуулаад байна.

Сайд Ц.Баярсайхан 2012 оны 9 дүгээр сарын 7-9-ний өдрүүдэд Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгонд ажиллаж, салбарын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцсаны дагуу үйлдвэрлэгчдээс тавьсан саналыг судлан хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Барилга, хот байгуулалтын Сайд барилга угсралт, барилгын зураг төсөл, барилгын ажлын механикжуулалтын байгууллагуудын төлөөлөлтэй  2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр уулзалт зохион байгуулж, цаашид хийх ажлын төлөвлөгөөг гарган ажиллаж байна.

Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудын жагсаалтыг нэгтгэн холбогдох хуулиудын дагуу үзлэг, тооллого явуулж паспортжуулах, хүчитгэх, засварлах, дахин төлөвлөлтөд оруулж шинээр барих ажлыг тухайн барилгын өмчлөгч нартай хамтран шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллах талаар аймаг, нийслэлийн Засаг дарга нартай, тухайн барилгуудад илэрсэн зөрчлийг арилгуулах, аюулгүй болгох талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай тус тус санал солилцож байна.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 173 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2010-2014 онуудад хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт”-ын “Байгалийн нөөцийг хамгаалах, ашиглах” тэргүүлэх чиглэлийн хүрээнд Барилгын материалын үйлдвэрлэлийн технологийг хамруулсантай холбогдуулан цөм технологийн төслийн жагсаалтыг гарган, холбогдох байгууллагуудаас санал авч, 3 төслийн мэдээллийг 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1/132 тоот албан бичгээр БШУЯаманд  хүргүүлэв.

              Засгийн газрын 2012 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанд Барилга хот байгуулалтын сайд Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл хийсэнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдааны 46 дугаар тэмдэглэл гарч, уг хуралдаанаас өгөгдсөн үүргийн дагууДархан-Уул аймгийн Шарын гол сумын дулааны төвийн барилгын засвар, тусгай зориулалтын машин механизм худалдан авах хөрөнгийг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр” батлагдсантай холбогдуулан уг хөтөлбөрт тусгагдсан “Шинэ Улаанбаатар” төслийн хүрээнд хот төлөвлөлтийг шинээр хийж, нэгдсэн бодлогын хүрээнд инженерийн дэд бүтцийг байгуулан, иж бүрэн 17 хорооллыг барих, аймаг бүрд “1000 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан 21 аймгийн орон сууц, инженерийн хангамжийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон ус хангамж, ариутгах татуургын системийн схемийг гаргаж урьдчилсан судалгаа, тооцоо, мэдээллийг бэлтгэв.

Яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу 2012.09.23-наас 25-ны хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдсан “Өмнөговь, Дорноговь аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн GO204-MON” төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд, Цогцэций, Гурван тэс сумдад хэрэгжүүлэх инженерийн дэд бүтцийн зураг төслийн боловсруулалтын ажилтай танилцаж уулзалт хийв.            

UNICEF-тэй хамтран “Хот, суурин газрын ус хангамж, ариун цэврийн байгууламжийг сайжруулахад төрөөс баримтлах бодлого” сэдэвт мэдээлэл солилцох уулзалт ярилцлагыг 2012 оны 10-р сарын 12-ны өдөр зохион байгуулж түүнд БХБЯ, ЭМЯ, БОНХЯ, ЭЗЯ, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Усны үндэсний хороо болон Олон улсын төслийн байгуулагуудын нийт 50 орчим төлөөлөгчид оролцож, 6 илтгэл хэлэлцэн санал солилцлоо.

Сайдын баталсан удирдамжийн дагуу Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Өмнөговь, Дорноговь, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн төвүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон төслүүдийн шугамаар хийгдэж буй ус хангамж, ариутгах татуурга, бохир ус цэвэрлэх байгууламжийн  ажлуудын явц, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аймаг бүрд 1000 айлын орон сууц” барих хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд шинээр төлөвлөж буй орон сууцны хорооллын инженерийн дэд бүтцийн хангамж, хүрэлцээ, ашиглалтын өнөөгийн байдалтай газар дээр нь очиж танилцаж холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн салбарт гадаад орны зээл тусламжаар хэрэгжиж буй 10 төслийн судалгааг холбогдох маягтын дагуу гаргаж, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт 2012.10.19-ний 3/462 тоотоор хүргүүллээ.

2012 оны 10 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, ҮАБЗөвлөл, НЗДТГ, ШУТИС, Токиогийн Их Сургууль зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан “Азийн том хотуудын аюулгүй байдлын асуудал” Олон улсын 11 дэх удаагийн симпозиумд оролцож холбогдох танилцуулга, мэдээлэл хийв.

БХБЯ, НҮБ-Хабитат-ын хооронд хамтран ажиллах Харилцан ойлголцлын Санамж бичигт Дэлхийн Хабитатын өдрийг тэмдэглэх арга хэмжээний үеэр буюу 10 дугаар сарын 01-ний өдөр гарын үсэг зурлаа.

 Энэ арга хэмжээнийн хүрээнд,  ГОУХАН-ийн Хотын хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн Хан-Уул дүүргийн Яармаг дах 63 дугаар сургуулийн барилгын дулаан, техникийн шинэчлэлийн ажлыг хүлээлгэн өгөв.

Барилга, хот байгуулалтын сайд Хөдөлмөрийн төв бирж, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Монголын барилгачдын холбооны дэргэдэх Хөдөлмөрийн хувийн биржийн ажил хариуцсан хүмүүстэй уулзалт зохион байгуулж  Хөдөлмөрийн төв бирж, нийслэлийн хөдөлмөрийн бирж, салбарын хөдөлмөрийн биржийн уялдаа холбоо, ажлын явц, өнөөгийн байдлын талаар ярилцаж цаашдаа хамтарч ажиллах талаар тохиров.                      

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрмийн хэрэгжилтийг барилгын салбарт эрчимжүүлэх тухай сайдын 01 тоот албан даалгаврыг 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 08 тоот тушаалтай хамт гаргаж, салбарын байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүргүүллээ.

Салбарын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн дүрмийг шинэчлэн боловсруулж сайдын 2012 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн 25 дугаар тушаалаар батлуулж холбогдох газарт хүргүүлж, салбарын ШУТЗ-ийн хурлыг тухай бүрд нь хуралдуулж шаардлагатай асуудлыг хурлаар оруулж хэлэлцүүлэн шийдвэрлэж байна.

Евростандартыг өөрийн орны нөхцөл байдалд тохируулан хэрхэн хэрэглэх, нутагшуулах талаар судалгаа шинжилгээний ажил хийж мэргэжлийн чиглэлүүдээр барилгын чанар аюулгүй байдлын шаардлагын талаар нийцэж тохирох 95 стандартыг авч үүнээс 15 стандартын боловсруулалтыг хийж дуусган БХБСайдаар  батлуулаад байна.

Барилгын ачаа эргэлтийг түргэтгэх зорилгоор “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглан барилгын материал тээвэрлэх хүсэлтийг Зам, тээврийн яам болон Улаанбаатар Төмөр замын захиргаанд хүргүүлснээр, Улаанбаатар хот руу хоосон ирдэг байсан вагонууд Эрээнээс барилгын материал  ачиж ирэх боломжтой боллоо.

Барилгын материалын үйлдвэрлэлийг санхүүжүүлэх чиглэлээр хамтран ажиллах Ажлын хэсгийг ЭЗХЯ-тай байгуулсаны дүнд одоогоор Хөгжлийн банкинд 20 аж ахуйн нэгжийн барилгын материалын үйлдвэрийн төсөл хүргүүлээд байна.

Сайд Ц.Баярсайхан Дархан, Хөтөл, Дорноговь аймагт болон Улаанбаатарт барилгын материалын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох хүмүүстэй уулзалт, ярилцлага зохион байгуулж, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-ийн төслийг боловсруулж бусад яамд, холбогдох байгууллагуудаас санал авч нэгтгэн энэ оны 11 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгээд байна.

“Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрэм”(БНбД 81- 94-12), “Барилгын төсөв зохиох дүрэм” (БНбД 81-95-12)-ыг хэвлэж олшруулах, барилгын байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулав. 

              “Ахуйн бохир ус цэвэрлэх энгийн байгалийн биологи цэвэрлэгээний бага хүчин чадлын цэвэрлэх байгууламжийн давтан хэрэглэх зургийн цомог”, “Ахуйн бохир ус цэвэрлэх зохиомол биологи цэвэрлэгээний бага хүчин чадлын цэвэрлэх байгууламжийн давтан хэрэглэх зургийн цомог”-ын эхийг бэлтгэн  хэвлэлтэнд шилжүүлэв.

Нийтийн аж ахуйн салбарын ажилтны өдрийг тохиолдуулан UNICEF-тэй хамтран “Хот, суурин газрын ус хангамж, ариун цэврийн байгууламжийг сайжруулахад төрөөс баримтлах бодлого” сэдэвт мэдээлэл солилцох уулзалт ярилцлагыг 2012 оны 10-р сарын 12-ны өдөр зохион байгуулж түүнд БХБЯ, ЭМЯ, БОНХЯ, ЭЗХЯ, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Усны үндэсний хороо болон Олон улсын төслийн байгуулагуудын 50 орчим төлөөлөгчид оролцож, 6 илтгэл хэлэлцэн санал солилцсон нь зохих үр дүнгээ өгч байна.

Аймаг, орон нутгийн нийтийн аж ахуйн байгууллагуудын удирдлагуудтай Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Нийтийн аж ахуйн байгууллагын талаар цаашид баримтлах бодлогын талаар мэдээлэл, танилцуулга хийх уулзалтыг зохион байгуулав.

Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймгуудад суурилуулсан GNSS-ийн байнгын ажиллагаатай станцыг, ГХГЗЗГ-тай хамтран хүчтэй элэгдэл, эвдрэлд орсон тариалангийн газарт 2011 онд нөхөн сэргээлт хийх ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 250 га тариалангийн газарт нөхөн сэргээлт хийсэн ажлын явцыг тус тус шалгаж, хүлээн авлаа. 

Монгол- Оросын  Засгийн газар хоорондын комиссын 15 дугаар хуралдааны Протокол болон Монгол- Оросын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх, худалдаа, эдийн засаг, эрх зүйн бусад нэн таатай нөхцөл бүрдүүлэх үйл ажиллагааны 2011-2012  оны хамтарсан төлөвлөгөөний дагуу  Монгол- Оросын хилийн Ханх- Монд, Бага-Илэнх- Айнек- Гол, Зэлтэр- Желтура, Сүхбаатар- Наушк, Алтанбулаг- Хиагт боомтуудад хоёр талын хамтарсан мониторинг хийх үүрэг бүхий ажлын хэсэг 11 дүгээр сарын 12-19-ний өдрүүдэд ажиллав.

Хоёр талын ажлын хэсгийн хамтарсан хуралдааныг 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод хийж, хамтарсан мониторингийн дүнгийн Протоколд гарын үсэг зурлаа.

БНСУлсын Инчон хотноо 11 дүгээр сарын 5-9-ний өдрүүдэд НҮБ-ын Гамшгийн аюулыг бууруулах олон улсын стратегийн газар, Азийн гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний төв, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ийн Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох түншлэлийн хөтөлбөр зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх” сэдэвт олон улсын форумд оролцож, “Монгол Улсад гамшигийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаарх орон зайн төлөвлөлтийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүллээ.

GNSS-ийн байнгын ажиллагаатай 8 станцыг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар, Дорноговь аймгийн төвд байрлуулав. Эдгээр байнгын ажиллагаатай станцуудыг кадастрын болон байр зүйн зураглалын ажлыг гүйцэтгэх, газар хөдлөлтийн туршилт судалгаанд ашиглах боломжтой юм.

                 Монгол улсын Засгийн газрын 2008-2012 оны мөрийн хөтөлбөрт нутаг дэвсгэрийн 45 хүртэл хувийг 1:25000-ны масштабаар зурагжуулна гэж заасны дагуу 2011-2013 онд “Шинээр баригдахаар төлөвлөж байгаа төмөр замын дагуу GPS-ийн сүлжээ байгуулах, 1:25000-ны масштабтай байр зүйн зураглал хийх” ажлыг гүйцэтгэж байна. Энэхүү байр зүйн зураг нь хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, уул уурхай, төмөр зам, автозам болон бүс нутаг эдийн засгийн томоохон төлөвлөлтөнд суурь зураг болон ашиглагдана. Энэ ажлыг гэрээт хугацаанд чанартай гүйцэтгэж дуусгах зохион байгуулалтыг хийж байна. 

                 Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр хэрэгжсэн “Газрын менежмент-Санхүүгийн кадастр” төслөөс боловсруулсан газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер”  программ хангамжийг Сэлэнгэ, Өвөрхангай, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт нэвтрүүлээд байна.         

                 Энэхүү программ хангамжийг нэвтрүүлснээр  улсын хэмжээнд газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарын кадастрын зураг, түүн дээр үндэслэсэн бүртгэл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хамарсан “Улсын хэмжээний мэдээллийн систем” буй болж хэрэглэгчдэд мэдээллээр түргэн, шуурхай үйлчлэх, мэдээллийг ил тод болгох нөхцөл бүрдэх ач холбогдолтой болох юм.

                 Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн иргэн, хуулийн этгээдийн эрхийг хамгаалах, нотлох баримт бичиг болох “Нэгж талбарын хувийн хэрэг” –ийг шинэчлэв.

                 Газрын улсын бүртгэлийн хүснэгтэн болон зурган мэдээллийн стандартыг олон улсын хаягжилтийн стандартын дагуу бүрдүүлэх боломжийг судалж газрын кадастрын сангийн мэдээллийг цэгцлэх, байгууллагуудын мэдээллийг нэг ижил форматаар солилцох боломжтой боллоо.               

                 БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын гэр хорооллын 1:1000-ны масштабтай байр зүйн зураг зохиох төслийн 2 дахь шатыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

Гурав. Гадаад хамтын ажиллагааны чиглэлээр

            Барилга, хот байгуулалтын салбарт гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлж Гадаад харилцааны яаманд хүргүүлэв.

Сайд Ц.Баярсайхан БНБельги Улсаас Монгол Улсад Суугаа Элчин сайд тэргүүтэй төлөөлөгчид,    Япон Улсын Элчин сайд н.Такенори Шимизү, Японы Олон улсын байгууллага /ЖАЙКА/-ийн төслийн багийхнийг,  Австралийн хөрөнгө орууллаттай “Орика Монголия” ХХК-ийн удирдлагууд, Germanii Ferrostaal Industrieanlagen GmbH Компанийн Монгол дахь төлөөлөгчдийг “Тайшир-Алтай” Ус хангамжийн төслийн санхүүжилт, хэрэгжүүлэх чиглэлээр, ХБНГУ-ын Стандартчлалын Институт (DIN)-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, барилга, хот байгуулалт, газрын харилцаа, нийтийн аж ахуйн чиглэлээр тухайн улстай хамтын ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар ярилцав.

Мөн АНУ-аас, Канад Улсаас, БНФУ-аас, БНЧУ-аас Монгол Улсад тус тус Суугаа Элчин сайд нарыг дагалдан яваа төлөөлөгчдийн хамт, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч н.Варел Фрийман, Монгол Улс дахь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Сезин Синаноглуг, CDIA (Азийн хотын хөгжлийн санаачилга) хөтөлбөрийн багийн төлөөлөгчид, Дэлхийн банкны төлөөлөгчид,  “Нанометалл” ХХК-тай хамтран ажиллаж байгаа Швейцарийн Холбооны Улсын “Даниели” Группын удирдлагын баг, Япон Улсын Ивата Чизаки Инк. Компанийн болон Япон Улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-ийн шугамаар Монгол Улсад хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийг тус тус хүлээн авч уулзаж, барилга, хот байгуулалт, газрын харилцаа, нийтийн аж ахуйн чиглэлээр тухайн улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, цаашид авах арга хэмжээний талаар ярилцаж, санал солилцлоо.

 Яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн Гүрж Улсын Засгийн газрын гишүүн асан Алексей Алексишвили тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч Гүрж улсад барилгын салбарт хийсэн шинэчлэл, ЖАЙКА-ийн төслийн багийн төлөөлөгчидтэй  хэрэгжүүлж буй төслүүдийн талаар, АХБ-ны төлөөлөгчидтэй авилгын эсрэг, шударга байдлын асуудлаар, ЖАЙКА-аас гүйцэтгэж буй Улаанбаатар хотын усан хангамж, ариутгах татуургын стратеги төлөвлөлтийн судалгааны асуудлаар уулзалт хийв.

            Сайд Ц.Баярсайхан, дэд сайд Г.Байгалмаа, Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн нар өнгөрсөн 100 хоногийн хугацаанд Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газарт хариу талархалын захидал илгээж, уулзахаар хүсэлт тавьсаны дагуу Элчин сайдууд, олон улсын байгууллагууд, гадаадын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, барилга, хот байгуулалт, газрын харилцаа, нийтийн аж ахуйн салбар дах харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, тодорхой асуудлууд дээр хамтын ажиллагааг түлхүү, үр дүнтэй хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд:

  1. Барилга, хот байгуулалтын салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулах ажлын хүрээнд ХБНГУ-ын Стандартчлалын Институт (DIN)-ийн төлөөлөгчидтэй евростандартыг барилгын салбарт хэрэгжүүлэх боломжийг нарийвчлан судлах,
  2. Гүрж Улсын Засгийн газрын гишүүн асан Алексей Алексишвили тэргүүтэй төлөөлөгчидтэй Гүрж улсад барилгын салбарт хийсэн шинэчлэлийн талаар санал солилцож, цаашид тус улсын туршлагыг судлах чиглэлээр тус тус ажиллаж байна.
  3. ОХУ-ын Эрхүү мужийн барилга, хот байгуулалтын стандарт, норм, норматив боловсруулах үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах, монгол инженерүүдээ богино хугацаагаар сургаж мэргэжлийг нь дээшлүүлэх, мэргэжилтэй ажилчдаа дадлагажуулах боломжийг судлах, Эрхүү мужийн Барилга, замын аж ахуйн яамтай санамж бичиг байгуулах зорилгоор Барилга, хот байгуулалтын Дэд сайд Г.Байгалмаа тэргүүтэй төлөөлөгчид 2012 оны 11 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд Эрхүү мужид ажлын айлчлал хийж байна.

            Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Япон Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны хооронд хамтран ажиллах тухай 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн санамж бичгийг үндэслэн “Монгол-Японы хамтарсан хот байгуулалтын семинар”-ыг 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

             Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “100 мянган айлын орон сууц” төсөл болон Япон Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн цаашдын хэрэгжилтэнд зохих хэмжээний дэмжлэг, эерэг нөлөө үзүүлэхүйц үр дүн өгч байна.    

“Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, бизнес боломж” сэдэвт хоёр дахь удаагийн арга хэмжээний хүрээнд “Монгол Солонгос Бизнес 2012” бага хурал 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж уг арга хэмжээнд тус яамнаас “Монгол Улсын барилгын салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, БНСУ-ын хамтын ажиллагааны боломж” сэдвээр илтгэл тавьж оролцлоо.

Уг бага хуралд оролцсоноор БНСУ-тай барилга, хот байгуулалтын салбарт хууль, эрх зүйн орчин, норм, нормативын тогтолцоог боловсронгуй болгох, олон улсын түвшинд хүргэх, шинээр барихаар төлөвлөж байгаа орон сууцны хотхон, хороолол, түүний дэд бүтцийг барих, төрөөс дэд бүтэц бий болгосон газар дээр орон сууц барихад хамтарч ажиллах, орчин үеийн шинэ техник, технологийг барилга угсралтын ажилд нэвтрүүлэх, барилгын материалын сорил, шинжилгээний лабораторийг бүсчлэн байгуулах, орон нутгийн түгээмэл тархацтай түүхий эдийн нөөцөд тулгуурлан барилгын материалын үйлдвэрийг шинээр байгуулах, импортыг орлох барилгын материалын үйлдвэрлэлийг барьж байгуулах, Улаанбаатар хотод барилгын материал ачих, буулгах терминал (бөөний худалдааны төв) байгуулах, барилгын салбарын мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх, давтан сургах чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжуудыг нээсэн юм.

           Засгийн газрын 2010 оны “Гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалтыг сайжруулах” тухай 162 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Яам болон харьяа байгууллагаас гадаадад албан томилолтоор ажиллуулах”, “Гадаадын зочид, төлөөлөгчидтэй хийх уулзалтыг зохион байгуулах тухай” зэрэг журмуудыг боловсруулаад байна.

Дөрөв. Дотоод ажлын чиглэлээр

Барилга, хот байгуулалтын сайд, Зам, тээврийн сайдын 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 01/01 дүгээр хамтарсан тушаалаар байгуулагдсан яам, агентлагийг татан буулгах, өөрчлөн байгуулах ажлын хэсгийн хурлыг 4 удаа зохион байгуулж, яам болон татан буугдсан, өөрчлөн зохион байгуулагдсан агентлагуудын үндсэн болон эргэлтийн хөрөнгөд тооллого хийж дуусгав.

АХБ-ны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих "Өмнөговь, Дорноговь аймгуудын хот байгуулапт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжил" төсөл (Монголын талын хөрөнгө) -ийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний жагсаалтыг БХБСайдын 2012 оны 31 дүгээр тушаалаар батлуулан ажиллаж байна.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд УИХ-ын 2004 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн тайланг гаргаж 3/406 дугаартай албан бичгээр хүргүүлэв.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын хэмжээнд сүүлийн 10 жилд хийгдсэн үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгч цаашид 2016 он хүртэл хийх ажлын төсөөлөл, 2013 онд хийх ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөөг мэргэжилтэн, хэлтэс, алба бүрээр тодорхойлон ажиллаж байна.

Геодези, зураг зүйн салбарын удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөнийг 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулж, түүнд 250 хүн оролцож, уг зөвлөгөөнөөс зөвлөмж гаргалаа.

2012 оны 11 дүгээр сарын байдлаар яам болон холбогдох албан тушаалтанд иргэд, байгууллага болон 11-11 төвөөс нийт 158 өргөдөл, хүсэлт, гомдол, санал ирснийг тус яамны өргөдөл гомдлын бүртгэлд бүртгэн авч сайд, дарга нараас өгсөн чиглэлийн дагуу холбогдох газар албан тушаалтанд өгч, шийдвэрлэлтэд нь хяналт тавьж ажиллав.

Барилга, хот байгуулалтын яам