Санхүүгийн эх үүсвэр дутагдсанаас Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1.0 сая төгрөг олгох арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй байгаа гэв
УИХ-ын гишүүн Г.Уянга Монгол Ардын Нам, Ардчилсан Намын 2008 оны сонгуулийн амлалт, 2008-2012 оны хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх ажлын хүрээнд Хүний хөгжлийн сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг хувийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын 2011 оны 53 дугаар тогтоол гарсантай холбогдуулан Сангийн сайд асан Д.Хаянхярваад асуулга тавьж байсан билээ.
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Уянгаас 2012 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 12/07 тоот албан бичгээр Сангийн сайдад тавьсан “УИХ-ын 2011 оны 53 дугаар тогтоолын хэрэгжилт буюу Хүний хөгжил сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1.0 сая төгрөг олгох арга хэмжээний хэрэгжилтийн тухай” асуулгын хариуг Сангийн сайдын 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 3/4106 албан бичгээр хариу хүргүүлснийг Сангийн сайд Ч.Улаан танилцуулав.
Уг асуудалтай холбогдуулан гишүүд Сангийн сайд болон холбогдох албаны хүмүүст асуулт тавьж хариулт авав
УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, “гишүүдийн тавьж байгаа асуулт, сайдын хариулт Уянга гишүүний асуулгын хүрээнд байх ёстой. Гэтэл асуулгаас хальсан асуулт тавьж байгаа тул хариулахгүй байх нь Дэгийн тухай хуулиар зохицуулагдахаар байгаа. Дархан уул, Дорнод аймаг, Сүхбаатар дүүрэг зэрэг гурван газарт 670.000 төгрөг бус 1 сая төгрөг тараасан нь ямар учиртай юм бэ гэсэн асуултад Хаянхярваа сайд хариулах ёстой байсан. Гэвч Хаянхярваа сайд огцорсон тул энэ асуултад Улаан сайд хариулж байгаа. Иймд энэ хүрээнд асуултаа тавьж хариултаа өгье” гэдгийг гишүүдэд анхаарууллаа.
Д.Оюунхорол гишүүн: Иргэд өгөх мөнгийг бүгдийг өгөх хэрэгтэй
Г.Уянга гишүүн хэлэхдээ, “өнөөдөр болтол Хүний хөгжил сангаас хамгийн сүүлд олгосон 23 мянган төгрөгөө аваагүй байгаа хүмүүс байна. Надад Дорнод аймгийн Халх гол, Цагаан-овоо сумын иргэд болон Чингэлтэй дүүргийн иргэдээс ирүүлсэн захидал дүүрэн байна. Энэ мөнгийг хэзээ олгож дуусах вэ. Хувьцаагаа бэлэн мөнгөөр арилжаалахаар шийдсэн иргэдийн тоо эцэслэж гарсан уу. Тэдний хувьцаа бүрэн мөнгөжсөн үү. Иргэд хувьцаагаа нэг сая төгрөгөөр сольж байгаа. Энэ хувьцааны үнэ ямар үндэслэлээр тогтоогдсон бэ. Зөвхөн сонгуулийн өмнө яаран сандран тогтоосон үнэ үү, эсвэл зах зээлийн үндэслэлтэй үнэ үү. Түүнчлэн өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эхэлж олгохоор Засгийн газрын шийдвэр гарсан. Гэтэл Дорнод аймагт тухайлбал, хөдөлмөрийн чадвартай залуучууд болох 335 иргэнд 335 сая төгрөгийг олгосон байгаа. Мөн сонгуулийн өмнө Дорнод , Дархан уул аймагт энэ мөнгийг сонгуулийн сурталчилгаа дуусахаас ганцхан хоногийн өмнө олгосон. Мөнгө олгогдох тушаал гарсан даруйд Сангийн сайд байсан Хаянхярваа, НХХ-н дэд сайд байсан Номтайбаяр нарын нэрээр тэр мөнгө дээрх аймгуудад олгогдсон байгаа. Төсвийн энэ 1 тэрбум 213 сая төгрөгийг сонгуулийн сурталчилгааны зорилгоор ашиглагдсан байна гэсэн үндэслэл гарч ирж байгаа. Энэ хууль зөрчсөн үйлдэл биш үү. Үүнд хяналт тавьдаг байгууллага байна уу. “ гэдгийг тодруулсан юм.
Сангийн сайд Ч. Улаан хариултдаа, 23 мянга биш энэ нь сар бүр олгож байсан 21 мянган төгийн асуудал байгаа. Бичиг баримтын зөрчилтэй, иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдээгүй зэрэг хүмүүс энэ мөнгийг авч чадаагүй байгаа. Тийм учраас ирэх оны төсөвт иргэдийн дутуу авсан мөнгийг зөрчил арилсан нөхцөлд нөхөж олгохоор байгаа. Хувьцааны хувьд шинээр судалгаа хийгээгүй. Нэг сая төгрөгийн хувьцааг мөнгө болгож бэлэн мөнгөөр авья гэж хүсэлт гаргасан хүмүүсийн өмнө нь хийгдсэн судалгаа байдаг. Тэр судалгаан дээр үндэслээд үзэхээр 1,5 их наяд төгрөгийн эх үүсвэр шаардагдаж байгаа юм байна лээ. Гэтэл манай үндэсний аж ахуйн нэгжүүд энэ хувьцааг мөнгөөр худалдаж авья гээд сан байгуулж тэнд хөрөнгө мөнгөө төвлөрүүлж байгаа. Тийм учраас энэ хувьцааг бэлэн мөнгө болгох асуудал хөрөнгийн эх үүсвэр талаасаа одоогоор тодорхой шийдлийг олоогүй байна. “ гэв.
Асуулт хариултын явцад сонгуулийн өмнө нэр дурдагдсан 3 аймаг, нэг дүүрэгт нэг сая төгрөг олгох шийдвэрийг яг хэн гаргасан талаарх гишүүдийн асуултад холбогдох яамдын албан тушаалтнууд тодорхой хариулт өгч чадсангүй. Харин Сангийн сайд Ч.Улаан “энэ 3 аймагт сая төгрөг хуваарилах бичиг цаас байхгүй байх. Олдох ч үгүй бизээ. Иймд чуулганы хуралдаанд ирсэн албан тушаалтнууд энэ асуултад хариулж чадахгүй байхаа “гэдгийг хэлсэн юм. Эцэст нь Сангийн сайдад тавьсан асуулгын хариулт хангалттай бус гэсэн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Уянга өглөө.
Гишүүдийн асуулт хариулт дууссаны дараа чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж дуусаагүй байсан Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.
Б.Янжинлхам