Д.Оюунхорол: Хүний хөгжил сангийн хишгийг иргэн бүртээ тэгш хүртээе гэж тохирсон
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцалаа
-Хүний хөгжил сангийн тухай хуулийг УИХ баталлаа. Мөн уг сангийн Төсвийн тухай хуулийг Засгийн газраас өргөн бариад байна. Иргэд ирэх онд эрх барьж буй намууд сонгуулийн амлалт болсон 1.5 сая төгрөгөө өгөх нь гэж хүлээж байна. Иргэддээ ямар хэлбэрээр хишиг хүртээх вэ гэдэгт таны байр суурийг сонсъё?
-УИХ маш чухал хууль баталлаа. Үндсэн хуулийн амин сүнс болсон гол заалтын нэг нь уул уурхайн салбараас олсон орлогоос иргэддээ тэгш хүртээх тухай байдаг. Ашигт малтмал уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэн, тогтмол өсөн нэмэгдээд нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээхээр Хүний хөгжил санг байгуулсан. Энэ нь МАХН, Ан-ын УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан байгалийн баялгаас иргэн бүрт тэгш хүртээх амлалтыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн шийдвэр боллоо гэж ойлгож байгаа. Хүний хөгжил сан гийн үйл ажиллагаа дөрвөн жилээр хязгаарлагдахгүй. Энэ сангийн хувьцаа монгол хүний насан туршийн орлого байх юм. Боловсрол, эрүүл мэнд, даатгалын үйлчилгээг нь цогцоор шийдсэнээр монгол хүнийг бүх талаас нь хөгжүүлэх хөрөнгө оруулалт болно. Өөрөөр хэлбэл, газрын хэвлийн баялгаас цөөн хэдэн хун ашиг олох бус, иргэн бүр хишиг хүртэнэ.
-Хүний хөгжил санд ирэх жил төвлөрөх 300 гаруй тэрбум төгрөгөөс эхний ээлжинд ахмадуудыг дуудаад 500 мянган төгрөг олгох, эсвэл хүн бүрт 120 мянган төгрөг хүртээх гэх мэт хувилбаруудыг баруудыг ярьж байгаа гэсэн. Та алийг нь дэмжиж байна вэ?
-Засгийн газар тодорхой журам гаргах байх. Энэ бол улс төрийн намуудын сонгуулийн амлалт тул улс төрийн шийдвэрээ гаргах байх. Үндсэн хуулийн зарчмаа баривал иргэн бүрт тэгш хүртээх байх. Түүнээс биш дан ахмадуудад хишиг хүртээе гэж яриагүй. Мэдээж эхлээд ахмад настнууддаа өгөх хувилбар байж болох юм. Одоогоор бүх иргэдээ Хүний хөгжил сангаас олгох хишиг жигд хамруулах талаар яръя гэж тохирсон. Тиймээс гишүүд Засгийн газраас өргөн баримталсан Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Яагаад гэвэл Хүний хөгжил сангийн хуулийн төсөл бол улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг.
-Энэ сан байгуулагдсанаар нийгмийн халамжийн хамгийн том сан болно гэж ойлгож болох уу?
-Есөн төрлийн халамж, тэтгэмжийн мөнгийг энэ санд нэгтгэе гэсэн байр сууриар Хүний хөгжил сангийн тухай хуулийг анх оруулж ирсэн. Ингэснээр тэдгээр халамж, тэтгэмжийн мөнгийг байхгүй болгож байгаа биш. Татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа мөнгөний тодорхой хэсэг халамж руу явдаг ч Хүний төлөө, хүнээ хөгжүүлэх чиглэлтэй байх ёстой гэсэн утгаар ингэсэн. Нөгөө талаас илүү баталгаатай, тооцоо судалгаатайгаар халамж, тэтгэмжийг давхардуулалгүй олгох боломж бүрдэнэ.
-Нийгмийн халамжийн арга хэмжээг хэт хавтгайрууллаа гэсэн шүүмжлэл байнга гардаг. Энэ сан дээрх шүүмжлэлээс ангид байж чадах уу?
-Нийгмийн халамжийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад нөлөөлсөн. Нийгмийн халамжийн бодлогыг цаашид энэ хэвээр үргэлжлүүлэхэд уг төсвөөс их мөнгө шаардагдана гэж төсвийн хэлэлцүүлгийн үед гишүүд хэлж байгаа. Халамжид чиглэсэн хөтөлбөрөө тодорхой зорилготой, үр өгөөжтэй хэрэгжүүлэх арга замаа нарийн тодорхойлон, Хүний хөгжил сангаас яаж хишиг хуваарилах журмыг Засгийн газраас боловсруулна. УИХ- байнгын хороо, УИХ -ын чуулган дээр тодорхой ярих байх. Хүний хөгжил сангийн тухай хуулиар иргэн бүрт хүртээх хишиг, хувийг ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хүмүүн баялагт суурилсан болзолт хөрөнгө оруулалт хийх, нийгмийн халамж, тэтгэмжийг ядуу бүлэгт чиглүүлэн амьдралынх нь чанарыг сайжруулах талаар тодорхой зааж өгсөн
-Хүн бүхэн ядуу, эмзэг бүлэгт хамрагдаж, халамж тэтгэмж хүртэх гэсэн сонирхол их байна. Ядуурлын шалгуур үзүүлэлтийг шинэчлэх тухай яриа хэр ажил хэрэг болж байна вэ?
-Ядуу, эмзэг бүлгийн хэрэгцээ шаардлагыг олж харах, тэдний ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг дэмжиж тохирсон ажлын байна байраар хангах, тогтмол орлоготой байх тогтолцоог бүр дүүлэхийн төлөө ажиллах нь чухал гэж үзэж байгаа. Тиймээс Хүний хөгжил сангийн хөрөнгийг зарцуулахдаа гурван зүйлд анхаарна. Нийгмийн бүлгүүдийн өмнө тулгамдсан эрсдэлийг үнэлж, судалгаа хийнэ. Ингэснээр хөтөлбөрт хамрагдах хүрээг тодорхой баримталдаг болох боломж бүрдэх юм. Мөн ядуу бүлгийг тодорхойлдог,өрхийн орлого тогтоодог аргачлалаа шинэчлэх хэрэгтэй.Нөгөө талаар иргэний бүртгэл, мэдээллийг сайжруулснаар наар тухайн иргэн хэзээ,хэдэн удаа нийгмийн халамжийн арга хэмжээнд хамрагдсан, өрх гэрийн иргэний хөгжлийн мэдээлэл гэх мэт иж бүрэн мэдээллийн баазтай болох юм бол төсвөөс гарч байгаа хөрөнгө ур дүнтэй, хяналттай болно гэж үзэж байна.
-Баримталдаг ядуурлын төвшинг тогтоох аргачлалд ямар шинэчлэлт хийх нь оновчтой вэ?
-Ядуурлыг тогтоох аргачлалыг боловсронгуй болгоход тодорхой судалгаа хэрэгтэй. Шалгуур үзүүлэлтийн хувьд байршлыг тогтоох асуудал чухал. Хотод амьдарч байгаа ядуу хүн дэд бүтэц, худалдаа, эдийн засгийн боломж ихтэй. Харин хотоос мянга гаруй километр алс байгаа эмзэг бүлгийн иргэдийн хувьд маш хүнд. Хямрал малчдад хамгийн хүндээр тусч байгаа. Тэдэнд оршин суугаа байршил нь хамгийн их нөлөөлдөг. Малын гаралтай бүх түүхий эдийн үнэ буурч, тэдний орлого хомсдож байна. Гэтэл хөдөө орон нутагт өргөн хэрэглээний барааны үнэ Улаанбаатарынхаас 500 - 2000 төгрөгөөр өндөр. Ийм байхад нийслэл болон хөдөө орон нутагт нэг шалгуураар ядуурлын төвшинг тогтоох нь шударга биш.