Гишүүн О.Баасанхүү Эрүүл мэндийн сайдыг буруутгав
2012.11.06

Гишүүн О.Баасанхүү Эрүүл мэндийн сайдыг буруутгав

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн эмч, ажилчдын хамт тус эмнэлгийн барилгын асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн бямба гаригийн Засгийн газрын хуралдаанаар Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргаж, тус эмнэлгийг Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний клиникийн төв госпитальтай нэгтгэхээр болсон. Өөрөөр хэлбэл, Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг болгох шийдвэрийг гаргасныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.

“Хүн бүр шүүх, прокуророор үйлчлүүлэхгүй, харин хүн бүр эмнэлгээр үйлчлүүлнэ.

Монгол Улсад анх удаа орчин үеийн цоо шинэ тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эмнэлгийн зориулалттай барилга барьж дуусах үед зориулалтыг нь өөрчлөх шийдвэр гаргасныг эсэргүүцэж байна. Бусад салбартай харьцуулахад эмнэлгийн салбарын шинэчлэл бүрэн орхигдсоны дотор орчин үеийн тоног төхөөрөмжтэй нь огт байхгүй байгаа өнөөгийн нөхцөлд монголчууд оношлогоо, эмчилгээ хийлгэхээр гадаад орныг зорьж байна. Шинэчлэлийн Засгийн газар ард түмнийхээ эрүүл мэндэд анхаарах ёстой атал анхнаасаа эмнэлгийн зориулалтаар хийсэн төсөв, хөрөнгийг үргүйдүүлж байна” гэж О.Баасанхүү гишүүн мэдэгдлээ. Хуралд оролцсон Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн эмч нар “Орчин үеийн шинэ тоног төхөөрөмж урьдчилан байрлуулж, 300 сая төгрөгөөр тоноглосон энэ эмнэлгийг контор болгон өөрчлүү- лэхгүйн тулд эцсээ хүртэл тэмцэж, эмнэлгийнхээ байранд суулт зарлахаар болсон. Засгийн газрын гишүүдээс хүний амийг албан тушаалаас дээгүүр тавихыг шаардаж байна. Үүний төлөө хамгийн түрүүнд тэмцэх ёстой Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг хамгийн ихээр буруутгаж байгаа” гэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.