Тэднийг уучлал гуйхыг 58 жил хүлээжээ
Тэдний ээжүүд нь эмнэлгийн салбарын бүх цаг үеийн хамгийн дуулиант хэргийн хохирогчид бөгөөд хүүхдүүд нь хоёр гаргүй, зарим нь хөлгүй төрсөн. Тэднийг түүхэнд “Хүрэл хүүхдүүд” хэмээн нэрийджээ. Мөч нь ажиллагаагүйгээс гадна чих нь дүлий, нүд нь сохор эсвэл, тархи, зүрхний эмгэгтэй төрөх нь ч элбэг байв.
1954 онд Германы эм үйлдвэрлэгч “Chemie Grunenthal” компанийн эрдэмтэд талидомид нэртэй эм бүтээж, энэ нь жирэмсний үеийн өвдөлтийг намжаахад тустай хэмээн сурталчилжээ. Улмаар уг эм шуугиан тарьж, дэлхийн 46 оронд худалдаалагдсан байна. Тухайн жилдээ эмийн борлуулалт сая хол давсан гэдэг. Тун удалгүй уг эм нь эхчүүдийн мэдрэлийн системд сөргөөр нөлөөлж эхэлснийг эрдэмтэд баталсан ч, нэг их тоогоогүй байна. Гэтэл эм худалдаанд гарснаас дөрвөн сарын дараа үүнийг хэрэглэсэн эхчүүдээс төрсөн 100 мянга гаруй хүүхдэд эмгэг илэрч, 10.000 орчим нь дээр дурдсан ноцтой гажигтай мэндэлжээ. Улмаар “Chemie Grunethal” компанийнхан худалдаанд гаргасан эмүүдээ буцааж, хохирогч хүүхдүүдийг насан туршид нь асарна гэдгээ амласан байна.
Мөн тэдэнд зориулж сан байгуулж, тухайн үеийнхээр 28 сая ам.доллар асаргаа, сувилгаанд зарцуулжээ. Эл мөнгө хаана ч хүрээгүй учраас Германы Засгийн газар ч ихээхэн хөрөнгө оруулсан юм. Хохирогчид “Chemie Grunenthal” компанийг уучлал гуйх болов уу гэж удаан хүлээжээ. Учир нь тус компани яаралтай арга хэмжээ авч, уг эмийг үйлдвэрлэхээ больсон ч албан ёсны мэдэгдэл, уучлал ер гуйгаагүй байсан юм. Харин өнгөрсөн наймдугаар сард, хэрэг гарснаас хойш 58 жилийн дараа тус компанийн шинэхэн гүйцэтгэх захирал Харалд Сток анх удаа хохирогчдоос уучлал гуйж, өөрсдийн бурууг хүлээв. Гэвч уг эмийг худалдаанд гаргах үед “Chemie Grunenthal” компанийг толгойлж асан Себастьян Уирзийн удмынхан өнөө хэр амьдарч буй атлаа албан ёсны уучлал гуйгаагүйд олон түмэн эгдүүцсэн хэвээр байна.
Харин гашуун түүхийг дэлхий нийт хэдийнэ мартжээ. Бүх цаг үеийн аймшигт хэргийг гардан үйлдсэн “Chemie Grunenthal” компани хаагдах нь бүү хэл өдгөө дэлхийн 26 оронд салбартай, 4200 ажилтантай, зах зээлийн нийт үнэлгээ нь 1.3 тэрбум ам.долларт хүрсэн томоохон компани болсон аж. Эл компани Дэлхийн II дайны үед анх удаа пенициллин үйлдвэрлэж, ихээхэн нэр хүнд олжээ. Мөн энэ үед тэд Германы талыг дайнд дэмжиж, их хэмжээний хорт эм, бэлдмэл үйлдвэрлэж байсан гэх хардлага ч бий. Харин өдгөө саван, косметик сэлтийг үйлдвэрлэж буй. 1946 онд үүдээ нээсэн тус компанийн түүх Германы Фашист намтай салшгүй холбоотой.
Альфред ба Херманн Уирз гэх ихэр залуус Фашист намын гишүүн байхдаа хориотой эмийн туршилт их хийдэг байж. Улмаар тэд 1946 онд хувийн компани байгуулж, тухайн үеийн хамгийн чадварлаг герман эмч нараар эгнээгээ бүрдүүлжээ. Гитлерийн хувийн эмч байсан Ханс Бергер Принз гэгч тэдэнтэй нэгдэж, үй олноор нь хөнөөх хортой саван, химийн бодис үйлдвэрлэдэг байсан тухай яриа ч буй. Талидомидыг бүтээх ажилд дээрх эрхмүүд бүгд гар бие оролцсон нь үнэн аж. Мөн Эрнест Шенк гэх эрдэмтэн хамтарсан бөгөөд тэрбээр Дэлхийн II дайны үед протейний өндөр агууламж бүхий зайдас бүтээж, үүнийгээ 370 хоригдолд идүүлэхэд бүгд газар дээрээ нас барсан түүх байдаг. Үүгээр зогсохгүй Гитлерийн зөвлөх эмч байсан Отто Амброс талидомидыг бүтээхэд оролцсон тухай нууцыг “Newsweek” сэтгүүл дэлгэв. Тэгэхээр Талидомидыг ямар зорилгоор бүтээж, улмаар яагаад худалдаанд гаргасан нь сонирхол татаж байна.
Тун удахгүй Боннын их сургуулийн эрдэмтэн Вернер Щулеманн “Фашист намын сүүлчийн дайн” нэртэй ном хэвлүүлэхээр зэхэж байгаа бөгөөд уг номын агуулга нь дээрх хэрэгтэй холбоотой аж. Талидомидыг бүтээж, худалдаанд гаргахдаа бүхий л эрсдэлийг тооцож байсан, энэ нь Фашист намын өдөөсөн үй олноор нь хөнөөх зорилготой “дайны зэвсэг” байсан гэх гаргалгааг эл номд дэвшүүлсэн аж. Талидомидын дуулиантай холбоотой нууц мэдээллүүд өнөө хэр элбэг биш. Гэвч эл хэргийн хохирогч болсон хүмүүсийн талаас илүү хувь нь эдүгээ хүртэл амьдарч буй. Харин тэдний амьдралд эхнээсээ л “гажиг”-уудын замаар хөврөх нь ойлгомжтой байсан нь харамсалтай. “Хүрэл хүүхдүүд” өдгөө өвгөн, эмгэн болцгоосон ч дээрх хэргийг учгийг тайлж, үнэн мөнийг шийдээсэй, мэдээллийг ил тод болгоосой хэмээн дэлхий нийт өнөө хэр хүсэж байгаа. 58 жилийн дараах хөндлөнгийн хүний уучлал тэдний элгийг дэвтээж хэрхэн чадах билээ.