2009.12.28

Идлэг шонхорыг ойрын 20 жилд агнахгүй байхыг анхаарууллаа

Идлэг шонхор шувууг арабуудад зарж буй асуудлаар БОАЖ-ын сайд Л.Гансүхэд хандан УИХ-ын гишүүн С.Оюун асуулга тавьсан юм. Уг асуулгын хариуг чуулганы хуралдаанд Засгийн газрын цагаар сонсов.

Сайд Л.Гансүхийн мэдээлснээр манай улс1994 оноос эхлэн Арабын орнуудтай эдийн засаг, найрсаг хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан гэрээний дагуу идлэг шонхор шувууг экспортолж эхэлжээ. Ингээд үе үеийн Засгийн газар Арабын орнуудын өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийн хүсэлтийг харгалзан үзэж энэ ажлыг зохион байгуулж ирсэн гэнэ. Үүнээс 2000-2009 оны хооронд гэхэд 2538 толгой идлэг шонхор шувууг амьдаар нь гаргаж, улс, орон нутгийн төсөвт нийт 15.9 сая ам.доллар төвлөрүүлж, хураамжийн 20 орчим хувь нь идлэг шонхор барих ажлыг орон нутагтаа зохион байгуулсан сумдын төсөвт шууд шилжүүлж ирсэн байна.

Монгол Улсад 10 зүйл шонхор байдгаас идлэг шонхор (Falcon cherrug) шувуу нь элбэг тархацтай амьтны ангилалд багтдаг аж.

«Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг худалдаалах тухай олон улсын конвенц»-ийн II хавсралтад идлэг шонхор бүртгэгдсэн тул арилжааны зориулалтаар барих нь эрх зүйн хувьд нээлттэй байдаг гэнэ. Түүнчлэн идлэг шонхор шувууны нөөц харьцангуй хэвийн байгаа гэсэн олон улсын байгууллагын дүгнэлтийн дагуу CITES - ийн Ан амьтны байнгын хорооны өнгөрсөн оны хуралдааны шийдвэрээр 2009-2010 онд Монгол Улсаас жилдээ 300 хүртэл тооны идлэг шонхор шувууг барьж, экспортолж болохыг зөвлөмж болгожээ. Энэ дагуу Засгийн газраас 2009 онд гадаадад амьдаар гаргах идлэг шонхор шувууны тоог 300 хүртэл толгой байхаар тогтоосон болохыг сайд дурдаж байв.

Цаашид идлэг шонхор шувууны нөөцийг ашиглахдаа популяцийн тогтвортой байдлыг хадгалахад онцгой анхаарч, байнгын хяналт шинжилгээ, судалгааны ажлыг явуулах, хамгаалалтын арга хэмжээг сайжруулах за маар ашиглалтын оновчтой менежментийг төлөвшүүлэх үндсэн дээр тодорхой бодлого, чиглэлтэйгээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, зохих зөвшөөрөл олгох бодлогыг тус яамнаас баримталж байгаа гэнэ.

Сайдын энэхүү мэдээлэлтэй холбогдуулан зарим гишүүд асуулт тавьж байв. Тэд идлэг шонхор шувууг амьдаар нь гаргаж байгаатай холбогдуулан орон нутагт шонхор барих ажлыг зохион байгуулах явцад бусад төрлийн шувууд, амьтад үргэж дайждаг, шонхор агнаснаас болж үлийн цагаан оготно ихэссэн нь цөлжилтийг бий болгож байгаа, хууль бусаар шонхор барих тохиолдол гарсан, хулгайн анчдыг хянах бололцоо байхгүй зэрэг асуудлуудыг хөндөж ярилцсан юм. Гэвч орон нутгийн төсөвт хураамжийн тодорхой хувь очдог, мөн хонь их хэмжээгээр худалдан авдаг учир малчид ч, удирдлагууд нь ч нааштай хүлээж авдаг талаар БОАЖ-ын сайд Л.Гансүх тайлбарлаж байв. Яамны зүгээс ойрын 2-3 жилийн хугацаанд шонхор гаргахад хорио тавихаар төлөвлөж байгаа талаар сайд танилцуулахад гишүүд шууд дэмжиж, аль ч талаасаа бодсон 20 жилээр уг хориог тавих нь зүйтэй гэцгээж байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.