Идлэг шонхорын хориог 20 жилээр тавихад санал нэгдэв
2009.12.28

Идлэг шонхорын хориог 20 жилээр тавихад санал нэгдэв

Мөн гол мөрний урсац бүрдэх ай сав, ойн сан бүхий газарт олгосон ашигт малтмал хайх, олборлох лицензүүдээ эргүүлэн татаж авч чадах эсэх тухай сэдвийг хөндсөн юм.

С.Оюун гишүүний асуулгын хариуд салбарын сайд "...Монгол Улсын Засгийн газар 1994 оноос эхлэн Арабын орнуудтай эдийн засаг, найрсаг хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан гэрээний дагуу тодорхой тооны идлэг шонхор шувууг экспортолж байгаа. Үе үеийн Засгийн газар Арабын орнуудын өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийн хүсэлтийг харгалзан үзэж энэ ажлыг зохион байгуулж ирлээ" гэжээ.

Түүнчлэн манай улс 2000-2009 он хүртэлх хугацаанд 2538 толгой идлэг шонхор шувууг амьдаар нь гаргаж, төсөвт нийт 15.9 сая ам.доллар төвлөрүүлжээ. Манай оронд 10 зүйл шонхор байдгаас идлэг шонхор шувуу нь элбэг тархацтай амьтны ангилалд багтдаг учир арилжааны зориулалтаар барих нь эрх зүйн хувьд нээлттэй байдаг аж. Тэгээд ч идлэг шонхор шувууны нөөц харьцангуй хэвийн байгаа гэсэн Олон улсын байгууллагын дүгнэлтийн дагуу Ан амьтны байнгын хорооны 2009 оны 58 дугаар хуралдааны шийдвэрээр 2009-2010 онд Монгол Улсаас жилдээ 300 хүртэл тооны идлэг шонхор шувууг барьж, экспортолж болохыг зөвлөмж болгожээ. Үүний дагуу Засгийн газраас 2009 онд гадаадад амьдаар гаргах идлэг шонхор шувууны тоог 300 хүртэл толгой байхаар тогтоосон байна.

Мөн сайд хариултдаа цаашид байгалийн нөхөн сэргээгддэг нөөц баялаг тухайлбал, идлэг шонхор шувууны нөөцийг ашиглахдаа уг зүйл шувууны популяцийн тогтвортой байдлыг хадгалахад онцгой анхаарч буйгаа дурьдсан байна. Тиймээс байнгын хяналт шинжилгээ, судалгааны ажлыг явуулах, хамгаалалтын арга хэмжээг сайжруулах замаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, зохих зөвшөөрөл олгох бодлогыг тус яамнаас баримталж байна гэжээ.

Хуралдааны үеэр асуулгатай холбогдуулан С.Оюун, Н.Ганбямба, Г.Баярсайхан, Д.Тэрбишдагва нарын гишүүд асуулт тавьж, Байгаль орчны сайдаас хариулт авлаа. Тодруулбал, идлэг шонхор шувууг амьдаар гаргаж байгаатай холбогдуулан орон нутагт шонхор барих ажлыг зохион байгуулах явцад бусад төрлийн шувууд, амьтад үргэж дайждаг, хууль бусаар шонхор барих тохиолдол гарсан зэрэг асуудлуудыг хөндөж ярилцсан юм. Гэвч орон нутгийн төсөвт хураамжийн тодорхой хувь очдог, мөн хонь их хэмжээгээр худалдан авдаг учир малчид ч, удирдлагууд нь ч нааштай хүлээж авдаг талаар Байгаль орчны сайд учирлан ярьж байсан. Яамны зүгээс ойрын 2-3 жилийн хугацаанд шонхор гаргахад хорио тавихаар төлөвлөж байгаа талаар сайд танилцуулахад, гишүүд аль ч талаасаа бодсон 20 жилээр уг хориог тавих нь зүйтэй хэмээн саналаа хэлцгээж байв.

Энэ үеэр хөндөгдсөн бас нэг сэдэв бол гол мөрний урсац бүрдэх ай сав, ой бүхий газарт ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн тухай байв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Г.Баярсайхан, Ц.Сэдванчигнар сайдад тавьсан асуулгынхаа хариуг авлаа. Уг хуулийг батлаад хагас жил өнгөрч байгаа ч хэрэгжилт нэн тааруу, гол усны сав, ойн бүсийн зураглалыг ч тогтоож чадаагүй байгааг гишүүд хэлж байв. Тэд Засгийн газрыг удаан ажиллаж байна гэлээ.

Ажил удааширч байгаагаас лиценз хураах ажил хийгдэхгүй байгааг тэд шүүмжилсэн юм. Газрын зураглалыг тогтооход олон солбицол олох хэрэгтэй болдог, тэгш өнцөгтөөр зургийг гаргадаг учир удсан тал байгааг Л.Гансүх сайд хэлж байсан. Гишүүн З.Энхболд лиценз цуцалснаас болж сөрөг үр дагаврууд гарч болзошгүйг анхааруулж байв. Компаниуд лицензээ хураалгаж болох боловч оронд нь нинжа нар орж уг газрыг бүр илүү сүйтгэхээс тэрбээр болгоомжлуулсан.

О.Сэлэнгэ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.