2012.08.30

Тамгаа хүлээлгэж өгөхөөр зэхэж буй агентлагийн дарга нар

Эвслийн Засгийн газар 11 яам, 42 агентлагтай үйл ажиллагаа явуулж байсан бол шинэчлэлийн Засгийн газар 16 яам, 28 агентлагтайгаар үйл ажиллагаагаа явуулахаар болсон. Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар нэг агентлагийг яам болгон 15 агентлагийг татан буулгах шийдвэр гаргасан билээ. 


Ингээд ямар, ямар агентлагийг татан буулгаж, хэн, хэн шинэчлэлийн Засгийн газрын үед ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон талаарх мэдээллийг хүргэж байна.
ҮХШХ-НЫ ДАРГА Ч.ХАШЧУЛУУН
 
Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо Эдийн засгийн хөгжлийн яам болон өргөжиж байгаа учраас энд ажиллаж байсан албан хаагчид орон тооны цомхтголд орно гэж айх зүйлгүй байх.

Харин тус хорооны даргаар ажиллаж байсан Ч.Хашчулуун УИХ-ын гишүүн Н.Батбаярт өөрийн тамгыг Засгийн газар бүрдэх үеэр хүлээлгэж өгсөн.

Ч.Хашчулууныг Монголдоо толгой цохих эдийн засагчдын нэг гэлцдэг учир тэрбээр энэ Засгийн газрын үед даргын албан тушаал хашихгүй ч мэргэжлээрээ ажиллах боломжтой болж байгаа нь энэ юм.
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН ДАРГА Д.АЛТАЙ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Хүүхдийн төлөө газар мөн л татан буугдсан. Тус газрын даргын албан тушаалд нэлээд хэл аманд өртөж байж очсон хүн бол Д.Алтай. Харин одоо тэр ажлаа хүлээлгэж өгөхөөр бэлтгэж байгаа биз.

Хүүхдийн төлөө газрын дарга асан М.Тогтохнямыг өнгөрсөн жил өндөр насныхаа тэтгэвэрт гарах үед НАМЭХ-ны тэргүүнээр ажиллаж байсан Д.Алтайг тус байгууллагын тэргүүнээр сонгох нь тодорхой болсон гэдэг мэдээлэл гарч байсан.

Үүнийг нь батлах мэт Төрийн албаны зөвлөлөөс тус байгууллагын даргын сонгон шалгаруулалтад Д.Алтайг тэнцүүлж байсан юм.
МШХХТГ-ЫН ДАРГА Ж.БАТ-ЭРДЭНЭ

Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар татан буугдсан учир тус газрын дарга Ж.Бат-Эрдэнэ мөн л ажлаа хүлээлгэж өгөхөөр болж таарч байна. Тэрбээр системийн инженер мэргэжилтэй нэгэн юм.

Дээрх агентлагуудаас гадна Гадаад харилцааны яамны Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газрын дарга С.Баярмөнх, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Ганзориг нар ч ажлаа хүлээлгэж өгөх юм. Урьд нь тус агентлагуудын ажлыг Гадаад харилцааны яам хамаардаг байсан бол энэ удаад Гадаадын хөрөнгө оруулалтын газрын үйл ажиллагааг Эдийн засгийн хөгжлийн яам хариуцахаар болсон байна.

Харин Усны газар, Ойн газрын чиг үүрэг Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд шилжиж байгаа. Тиймээс Усны газрын дарга Ц.Бадрах, Ойн газрын дарга М.Тунгалаг нар тамгаа тус яаманд хүлээлгэж өгөх нь байна. Харин агентлагийнх нь чиг үүрэг нь давхардсан гэгдэж буй Төмөр замын газрын дарга Т.Батболд, Авто тээврийн газрын орлогч дарга Н.Пунцаг, Авто замын газрын дарга Б.Энхтөр нар Зам тээврийн яаманд тамгаа хүлээлгэж өгөх юм. Үүнээс хойш дээрх агентлагуудын эрхлэх ажлыг Зам тээврийн яам хамаарна.

Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Баярсайхан, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-Осор нарын ажлыг Хөдөлмөрийн яам хариуцан ажиллахаар болсон учир тэд ч мөн тамгаа хүлээлгэж өгөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн. Тэдэн шиг байдалд Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын дарга Б.Мишигжав, ГХБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү, Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар, Соёл урлагийн хорооны дарга Б.Лхагвасүрэн, Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар, Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат, Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын дарга Б.Лосол, Удирдлагын, академийн захирал Г.Чулуунбаатар нар ороод байгаа юм. Дээрх дарга нар агентлагийнх нь ажлыг хамаарах яамд болон газруудад тамгаа хүлээлгэж өгөх юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.