2012.08.08

Монгол Улсын иргэдийн нэгдсэн мэдээллийн сангийн мэдээлэл устсан уу?

-Г.Билгүүн: Мэдээллийн санд биш үйлдлийн системд алдаа заасан-


Монгол Улсын иргэдийн мэдээллийг нэгтгэн хадгалж байдаг нэгдсэн мэдээллийн сангийн мэдээлэл устсан талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарчээ. Энэ мэдээлэл хэр бодитой болохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Г.Билгүүнээс тодрууллаа.
-Мэдээллийн сангийн мэдээлэл устсан гэсэн мэдээлэл байна. Үнэхээр устчихав уу, эсвэл та бүхэн нуугаад байна уу?
-Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр мэдээллийн сангийн мэдээлэл устсан гэж ташаа мэдээлжээ. Иргэний Бүртгэлийн нэгдсэн сангийн мэдээлэл устаагүй гэдгийг албан ёсоор хэлье. Харин өнгөрсөн сарын 17-ний өдөр усархаг бороо орсны улмаас "100 айл"-д байрладаг манай үйлчилгээний нэг, гуравдугаар байрны хооронд цахилгааны гэмтэл гарсан. Тэнд байрладаг станц руу ус орж доголдол гарсан юм. Тухайн үед Цахилгаан түгээхэд хэлээд засварлуулсан. Үйлдлийн системийн үүрэг бол мэдээллийн санд байгаа мэдээллийг тухайн мэдээллийн сангаар дамжуулж гаргадаг. Ойлгомжтой үгээр хэлбэл, хайрцган дотор байгаа барааг татаж гаргадаг олс тасарсан гэсэн үг. Түүнээс биш хайрцган дотор байгаа бараа хагарч эвдрээгүй. Үүнийг л ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байна.
-Мэдээллийн сангийн хамгаалалт хэр сайн байдаг вэ. Үйлдлийн системд алдаа заасныг хэзээ засч дуусах вэ. Саад учирч байна уу?
-Мэдээллийн санд байгаа мэдээллүүд маш нууцын зэрэглэлд хадгалагддаг материал учраас хамгаалалт сайтай байдаг, устах боломжгүй. Үйлдлийн системийг янзлах ажил 40 хувьтай явж байна. Ойрын хугацаанд засч дуусахын тулд ажиллаж байгаа. Үйлдлийн системд алдаа заасан ч өмнө нь ашиглаж байсан системээ ашиглаад иргэдэд хэвийн үйлчилж байна. Мэдээллийн сан устсан бол иргэд ингэж лавлагаа авахгүй байсан шүү дээ.
-Дахиад ийм зүйл болохгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Үүнд хэрхэн анхаарах вэ?
-Дахиад тогны хэлбэлзэл үүсэх вий гэдгээс сэргийлж толгой серверийг 30 киловаттын хүчин чадал бүхий цахилгаан баригчид холбосон. Ингэснээр тог тасарлаа гэхэд дөрвөн цаг хүртэл тогоо барих юм. Мөн нэгдүгээр байрыг бүхэлд нь эрчим хүчээр хангахаар 45 киловатын хүчин чадалтай нөөц тэжээлийн үүсгэврийг суурилуулсан. Дахиж үер усны аюул болох вий, тэр үер усны аюулаас болоод дахиад цахилгааны доголдол гарах вий гэдэг үүднээс ийм арга хэмжээг тэр даруйд нь авсан.
Нийтлэлч
О.Бүрнээ
Эх сурвалж
Зууны мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.