41390 аж ахуйн нэгж нэг тэрбум 500 мянган ширхэг хувьцааг авна
2012.06.04

41390 аж ахуйн нэгж нэг тэрбум 500 мянган ширхэг хувьцааг авна

Өнгөрч буй долоо хоногт иргэдийн дунд эргэлзээ төрүүлээд байсан хувьцааны асуудлыг шийдвэрлэж, нэгж хувьцааны нэрлэсэн үнийг Засгийн газраас тогтоолоо.Улмаар Татварын Ерөнхий газар, ҮЦТТТХТ "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нэгж хувьцааг аж ахуйн нэгжүүдэд худалдах болсноо мэдэгдсэн юм. Сонголтоо хийж, хувьцаагаа авах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн хувьд ямартай ч тэдний нэгж хувьцааны дүйцэх үнэ 933 төгрөг гэдгийг Засгийн газраас тогтоов.Тодруулбал, одоогоос сарын өмнө буюу тавдугаар сарын 1-нд Засгийн газраас иргэдэд "Эх орны хишиг"-ээ хүртэх үү, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны эзэн болох уу гэх сонголтыг санал болгосон юм. 

Тэгвэл иргэд өнгөрсөн тавдугаар сарын 20-ны дотор амжиж сонголтоо хийсэн бөгөөд тэдний дийлэнх нь нэг сая төгрөгөө бэлнээр нь авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ. Тухайлбал, одоогийн байдлаар нэг сая 464 мянган иргэн эзэмшиж буй хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаар болсон байна. Энэ дагуу тавдугаар сарын 30-ны Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нэгж хувьцааны дүйцүүлсэн үнийг тогтоолоо. Иргэдэд олгох 1072 ширхэг хувьцаа нь нэг сая төгрөгтэй дүйцэх бөгөөд нэг ширхэг хувьцааны үнийг 933 төгрөг хэмээн зарласан.Улмаар энэ хүрээнд иргэн бүрийн "Хүний хөгжил сан"-гийн дэвтэрт ойрын хугацаанд бичилт хийх аж.
 
Энэ тухай Сангийн сайд Д.Хаянхярваа "Энэхүү 933 төгрөг бол Тавантолгойн хувьцаа олон улсын зах зээл дээр гарахаас өмнө иргэдийн хувьцааг мөнгөжүүлэх, аж ахуйн нэгжүүдэд худалдаалахын тулд гаргаж буй дүйцүүлсэн үнэ юм. Олон улсын зах зээл дээр бол Тавантолгойн хувьцааны нэрлэсэн үнэ ном журмаараа тогтоогдох ёстой" гэдгийг онцолсон.Үүнтэй холбоотойгоор Татварын Ерөнхий газар, ҮЦТТТХТ хамтран аж ахуйн нэгжүүдэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг хэрхэн арилжих талаар өнгөрсөн пүрэв гарагт мэдээлэл хийсэн. УИХ-аас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 30 хувийг олон улсын болон дотоодын хөрөнгийн бирж дээр арилжих шийдвэр гарсан билээ.

Харин үндэсний аж ахуйн нэгжүүд энэ тал дээр эсэргүүцэл зарласнаар Засгийн газрын төвшинд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 хувь буюу иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх, ингэхдээ иргэдэд хувьцаа эсвэл мөнгө гэсэн сонголтыг өгсөн. Ингэснээр иргэдийн 50 гаруй хувь нь хувьцаагаа зарахаар болсон. Тэдний хувьцааг аж ахуйн нэгжүүд нэг бүрийг нь 933 төгрөгийн дүйцүүлсэн үнээр худалдан авах юм. Засгийн газрын 116 дугаар тогтоолын дагуу энэ сарын 1-нээс эхлэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 хүртэлх хувийн хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд хувь тэнцүүлэн олгож эхлэхээр болжээ.Тодруулбал, дээрх хувьцааг үндэсний татвар төлсөн 2010 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс өмнө байгуулагдсан аж ахуйн нэгжид хувь тэнцүүлэн олгохоор боллоо.

УИХ-ын 39 дүгээр тогтоолд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг үндэсний аж ахуй нэгжид худалдах тухай тусгасан байгаа. Харин үндэсний аж ахуйн нэгж гэдэгт төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд хамаарахгүй юм байна.Тиймээс 2010 оны зургаадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан 55716 компанийн жагсаалтыг УБЕГ-аас Татварын Ерөнхий газарт хүргүүлжээ. Үүнээс 1600 орчим нь тодорхой шалтгааны улмаас татан буугдсан бөгөөд, 12 мянга нь татвар төлөөгүй учраас хасагджээ.

Улмаар 41390 аж ахуйн нэгж байгууллагад хувьцаа авах эрх нээгдэж, нэг компанид 36240 ширхэг хувьцаа ногдох юм.Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нэг тэрбум 500 ширхэг хувьцааг 41390 аж ахуйн нэгж ижил тэнцүү хэмжээтэйгээр хувааж авах юм байна. Харин компаниуд өөрсдийн харьяалагдах татварын албандаа хувьцаа худалдан авах хүсэлтээ гаргах бөгөөд энэхүү хүсэлтийг Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг 31 татварын газруудад явуулах аж.Өөрөөр хэлбэл, Улсын төсвийн орлого хяналтын газартай харилцаатай томоохон татвар төлөгчид харьяа дүүргийнхээ татварын газраас өөрийн аж ахуйн нэгж хувьцаа худалдан авах аж ахуйн нэгжийн тоонд багтсан эсэхийг шалгах боломжтой юм байна.

Харин хэчнээн иргэн эзэмшиж буй хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлт гаргасан талаархи мэдээллийг НХХЯ-наас авч байгаа юм байна.Энэхүү мэдээлэлд тулгуурлан хэчнээн иргэн болон аж ахуйн нэгж хувьцааг худалдан авах нь тодорхой болох аж. Аж ахуйн нэгж, компаниуд хувьцаа худалдан авахдаа мэргэжлийн брокер дилерийн компаниар дамжуулан үнэт цаасны дансаа заавал нээлгэх ёстой.

Харш хувьцаа авах хүсэлтэй иргэдийн хувьд брокер дилерийн компанид 5000 төгрөг төлж, данс нээлгэх шаардлагагүй юм байна.ҮЦТТТХТ төрийн өмчит байгууллага учраас УБЕГ-аас иргэдийн шинэчилсэн бүртгэлийн мэдээллийн дагуу шууд бичилт хийж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хувьцаа худалдан авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд хувьцаанд ногдох үнийн төлбөрийг ҮЦТТТХТ-ийн 3603005 тоот дансанд байршуулсны дараа хувьцаагаа худалдан авах боломжтой болно.

Худалдан авсан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх хүртэлх хугацаанд бусдад худалдах, бэлэглэх боломжгүйг анхааруулсан юм.Тиймээс хувьцааг зөвхөн Монгол Улсын Засгийн газар та бүгдээс худалдан авах эрхтэй юм. Мөнгө төвлөрүүлэх данс нь нээлттэй байгаа учраас аль болох чирэгдэл багатайгаар хувьцаагаа зарсан иргэдэд мөнгийг нь олгох юм байна.

Түүнээс гадна иргэдийн эзэмшиж буй хувьцаа өнөө, маргаашгүй арилжигдахгүй учраас ирээдүйд жинхэнэ "чулуу" болох эх орныхоо баялаг болох хувьцааг хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хадгалж байх нь зүйтэйг сануулсан. Ийнхүү ямартай ч хувьцааг тойрсон олон асуудлууд эхнээсээ шийдвэрлэгдэж эхэллээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.